Ерөнхийлөгч Х.Баттулга “өдөөн турхирсан нь тогтоогдоогүй” тул ТЕГ, ЦЕГ-аас асуудлыг хааж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга “өдөөн турхирсан нь тогтоогдоогүй” тул ТЕГ, ЦЕГ-аас асуудлыг хааж байна

Коронавирусийн халдвартай М бүсгүй “Өргөө” амаржих газарт нярайлж, түүнийг тус газраас ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ “хүнлэг бус хандсан” гэж үзэн иргэд Сүхбаатарын талбайд нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Улмаар тус үйл явдлаас үүдэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэрийг гаргаж, үүнийг нь УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 20-ны өдөр болсон иргэдийн тайван, жагсаал цуглааныг Ерөнхийлөгч Х.Баттулга “улс төржүүлж, үймээн самуунд турхирсан” байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ҮЙМЭЭН САМУУНД ТУРХИРСАН” ГЭЖ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭВ-

Тодруулбал, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн.  Бидэнд гашуун түүх бий. Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” гэж мэдэгдэж байв.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй” гэж мэдэгдэж байв.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-“ӨДӨӨН ТУРХИРСАН” ГЭЖ ҮЗВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХЫН САНАЛААР ОГЦРУУЛАХ БАЙСАН УУ-

Тэгвэл Тагнуулын ерөнхий газар ТЕГ, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ зэрэг хуулийн байгууллагууд хамтарч “тус жагсаал цуглааныг үймээн самуунд уриалж, өдөөн турхирсан байж болзошгүй” гэх асуудлаар холбогдох шалгалтуудыг хийсэн бололтой. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул, тус асуудлыг хуулийн хүрээнд хааж байж болзошгүй байна. Энэ талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө.  

Хэрэв зээ Ерөнхийлөгч Х.Баттулга тус жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэж үзвэл, түүнийг Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 –т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэц болон УИХ-аар асуудлыг нь хэлэлцэж болзошгүй байсан юм.