Хонконгийн идэвхтэн Тони Чуныг АНУ-ын консулын газрын ойролцоо баривчилжээ

Хонконгийн идэвхтэн Тони Чуныг АНУ-ын консулын газрын ойролцоо баривчилжээ

Хонконгийн ардчиллын идэвхтэн Тони Чуныг АНУ-ын консулын газрын ойролцоо энгийн хувцасласан цагдаа нар баривчилжээ. Тони Чун өчигдөр /2020.10.27/ АНУ-ын консулын газарт орогнол хүсэхээр төлөвлөж байсан хэмээн Их Британи дахь "Хонконгийн найзууд" идэвхтэн бүлэглэл мэдэгдсэн байна. Гэсэн ч цагдаа нар түүнийг  баривчилжээ.

19 настай Чун үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу баривчлагдсан анхны олон нийтийн зүтгэлтэн байсан юм. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард баталсан.

Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалттай хууль юм. Энэхүү хуулийг Тони Чун идэвхтэй эсэргүүцэж байсан ба Хонконгоос дүрвэн гараад байжээ.

Тони Чун

Эх сурвалж: CNN