Пакистанд Хятадын тусламжаар барьсан анхны метро ашиглалтад оржээ

Пакистанд Хятадын тусламжаар барьсан анхны метро ашиглалтад оржээ

Пакистаны Лахор хотод БНХАУ-ын тусламж, зээлээр барьсан анхны метро ашиглалтад оржээ. Метро 20 гаруй станцтай, 27 км үргэлжлэх замтай, хотын хамгийн их түгжрэл үүсгэдэг газрууд дундуур баригдсан юм байна. Түүнчлэн автобусаар хоёр цаг 30 минут явж хүрэх замыг метрогоор 45 минут туулах гэнэ.

Албаныхан метрог бүрэн ажиллаж эхэлмэгц өдөр бүр  сая орчим хүн үйлчлүүлэх боломжтой болно гэж мэдэгджээ.

Метроны нийт өртөг 300 тэрбум рупи /1.8 тэрбум доллар/ бөгөөд олон жилийн турш хойшлогдож, улс төрийн маргаан, эсэргүүцэлтэй тулгарсаар эцэст нь баригдаж дууссан юм. Учир нь метроны зам дэлхийн өвд тооцогддог Лахорын Шалимар цэцэрлэгийг сүйтгэх аюултай гэж иргэд эсэргүүцсээр байсан юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Ази, Африк, Европын эдийн засгийг дэд бүтцийн асар том төслүүдээр холбох зорилготой бүс, зам барих төслийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Пакистанд зээл олгожээ. Гэсэн ч Пакистаны эдийн засагчид улсынхаа гадаад өрөнд анхаарахыг эрх баригчдад сануулж байна.

Эх сурвалж: BBC