ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: Микроскопоор хараад будаж оношилдог шинжилгээг гар утсаар зургийг нь дараад оношилсон байсан

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: Микроскопоор хараад будаж оношилдог шинжилгээг гар утсаар зургийг нь дараад оношилсон байсан

Ижий, аавтайгаа эрхлэн тоглож, эрүүл саруул гүйж байсан зургаахан настай Э.Маргад-Эрдэнэ хүү гэнэт учир битүүлгээр өвдөж, улмаар эмч нарын хариуцлагагүй байдал, буруу оношоос болж өвчин нь хүндрэн, өнгөрсөн есдүгээр сард харамсалтайгаар хорвоог орхижээ.

Өдгөө түүний 49 хоног ч гүйцээгүй байна. Гэтэл бяцхан хүүг буруу оношилж, эдгэрэх боломжтой байсан өвчнийг нь тартаг нь тултал хүндрэхэд хүргэсэн эмч, эмнэлгийн байгууллагыг буруугүйд тооцжээ. Тиймээс харамсалтайгаар хүүгээ алдсан М.Мөнхцэцэг дахин ийм зүйл өөр хэнд ч битгий тохиолдоосой гэсэндээ буруу онош тавьдаг, хариуцлагагүй эмнэлгийн байгууллагатай эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлсэн юм. Бид түүнтэй уулзаж, өдийг хүртэл юу тохиолдож, яагаад ийм байдалд хүрсэн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Юун түрүүнд танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хоёулаа яриагаа бүр эхнээс нь эхэлье гэж бодож байна. Хүүд анх хэзээ, ямар шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан бэ?

-2018 оны арваннэгдүгээр сард манай хүүгийн эгэмний ясан дээрх булчирхай бондойж эхэлсэн. Бид тухайн үед булчирхай нь цочсон байх гэж бодоод ЭХЭМҮТ-д үзүүлэхэд булчирхай биш өөр нэг асуудал байна, яаралтай нарийн шинжилгээ өг гэж хэлсэн. Ингээд тэр оройдоо шууд Бриллиант эмнэлэгт очиж, зураг авахуулахад бөөрний арын хөндий тулсан хортой хавдар гэх хариу гарсан.

Үүнийг сонсоод бид орой 21 цагийн үед шууд Эх нялхасын (ЭХЭМҮТ) эмнэлэг дээр очтол биднийг хүлээж авсан жижүүр эмч яг эх үүсвэр нь хаана байгааг мэдэхийн тулд хавдраас хатгалт хийж, дээж авах хэрэгтэй гэж хэлсэн. Ингэхдээ тухайн эдийг будагч бодисоор будаж шинжилгээ хийх шаардлагатай байдаг юм билээ. Харин улсын эмнэлгүүдэд будагч бодис байдаггүй, зөвхөн хоёр хувийн лаборатори л ийм шинжилгээ хийдэг хэмээн тийшээ явахыг зөвлөсөн.

Эх нялхас оношлогдоод хатгалт хийлгээд бонавита лаброторид өгсөн шинжилгээг хүлээж буй 2018.12 сард

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ АВАХААР ОЧИХОД ЭМЧ ХООСОН
ЦААС БАРЬЖ ГАРЧ ИРСЭН-

-Тэр нь ямар лабораториуд вэ?

-“Бона Вита”, “Этимо” гээд хоёр лаборатори байдаг юм билээ. Тухайн үед 12-р сарын 25 буюу шинэ жилийн баяр болох гэж байсан. Бид эхлээд “Этимо” лаборатори руу ярихад шинэ жил болох гэж байсан учраас байгууллагаараа аялаад гадаадад явж байгаа, нэгдүгээр сар гаргаад ажилдаа орно гэж хэлсэн. Гэтэл хэдийн хүүгийн маань хавдар руу хатгалт хийж, өдөөлт өгчихсөн байсан учраас улам томрохоос нь өмнө “Бона Вита” төв дээр очиж уулзсан юм. Тэднийд би баллонтой дээжийг хүргэж өгөхөд тухайн дээжийг хүрнэ, бид хийж чадна, гурав хоногийн дараа хариуг нь ирж аваарай гэж хэлсэн.

Ингээд арванхоёрдугаар сарын 28-ны өдөр би шинжилгээний хариу авахаар очиход н.Гэрлээ эмч хоосон цаас барьчихсан гарч ирсэн. Тэгээд “Танай хүүхдийн хавдар хаанаа байгаа вэ?” гэж надаас асуусан. Би бөөрнийхөө арын хананд үүссэн хавдар гэж хэлэхэд бодож зогсож байгаад тэр дороо онош бичсэн. Тэгээд би манай хүүхдийн онош ямар гарсан бэ гэж асуухад бөөрний хортой хавдар байна, энэ шинжилгээний хариуг Эх нялхасын эмч дээрээ аваачиж өг гэсэн. Ингээд манай нөхөр эмч дээр хариуг аваачиж өгөхөд Эх нялхасын эмч яагаад бөөрний хавдар гэчихсэн юм бол доо гэж гайхаад яг манай нөхрийн хажууд н.Гэрлээ эмч рүү залгасан байгаа юм. Эмч энэ яг бөөрний хавдар мөн үү, танайх баттай шалгасан уу гэж асуухад нь “Би хоёр дахин шалгасан, бөөрний хавдар мөн” гэж хариулсан байсан.

2018.12.31 бонавита лаб гарсан бөөрний хорт хавдар оношоор хамгийн анхны химиийн тарианд орж бгаа

-ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ЭХЛЭХЭД ХҮҮГИЙН
МААНЬ БИЕ УЛАМ ДОРДСОН-

-Бөөрний хавдар гэж оношлогдсоноос хойш нийтдээ хичнээн удаа, ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цусны төв рүү шилжиж хамгийн анхны химийн эмчилгээгээ хийлгэсэн. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд, долоо хоногийн зайтай 7 удаа химийн эмчилгээ хийхэд хүүгийн маань бие улам дордсон. Сүүлдээ хавдар хэт томорсноос болоод хэвлийдээ багтахаа байсан. Гүйж, харайгаад сэргэлэн байсан хүү маань турж эцээд, цусаар шээгээд улам муудаж эхэлсэн. Тиймээс ЭХЭМҮТ-ийн эмч “Бона Вита”-гаас гурав дахь удаагаа шинжилгээний хариу баттай эсэхийг асуусан байгаа юм. Тэр болгонд н.Гэрлээ эмч шинжилгээний хариу баттай гэж хариулж байсан гэсэн. Ингээд ЭХЭМҮТ-ийн эмч, Цусны төвийн эмч хоёр хоорондоо ярилцаад яаралтай хагалгаанд оруулахаар болсон.

Хэвлий дүүрэн хавдраас нь бага ч болов хөнгөвчлөх үүднээс хагалгаа хийхээр нээтэл химийн эмчилгээнд хатаж, хорчийж, жижгэрэх ёстой байсан хавдар улам томроод, битүү цусархаг болчихсон байсан гэсэн. Ингээд тэндээс ердөө  бага зэргийн дээж аваад буцаагаад хаасан байгаа юм. Хагалгааны дараа эмч танай хүүхдэд эмчилгээ байхгүй, анагаах ухаан мухардлаа гэж хэлсэн.

-Тухайн онош буруу байсныг хэдий хугацааны дараа, яаж мэдсэн бэ?

-Бид хагалгааны үеэр авсан дээжийг нөгөө амарчихсан байсан “Этимо” лаборатори руу явуулсан. Хоёрдугаар сарын сүүлээр бил үү, гуравдугаар сарын эхээр л дээ. Намайг хариугаа авахаар очиход тус лабораторийн гавьяат эмч Ш.Энхтуяа "Хүүхдийн бөөрийг арай авчихаагүй биз дээ, энэ бол бөөрний биш мэдрэлийн эсийн хорт хавдар байна" гэж хэлсэн. Ингээд би эмч дээрээ очоод манай хүүхдэд энэ зөв оношоор нь химийн эмчилгээ хийгээд өгөөч гэж гуйгаад эмчилгээ хийлгэсэн. Гэтэл мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, бөөрөн дээрээ цүлхэгэр байсан хавдар нь нүдэн дээр жижгэрсэн. Даан ч хүүг маань цаашид химийн эмчилгээ даахгүй, монголд эмчилж чадахгүй гэсэн тул нэг л удаа зөв эмчилгээг нь хийлгэсэн юм.

Монголд 2сард бөөрний хавдар оношоор 7 удаа хими хийлгээд хавдар томорч хагалгаа хийлгэж дахин дээж аваад хаасан байдал

-"БОНИ ВИТА" ЛАБОРАТОРИЙН ЗАХИРАЛ НАМАЙГ ХҮҮХДИЙНХЭЭ ӨВЧНӨӨР ШОУ ХИЙЛЭЭ ГЭЭД ДАЙРСАН-

-Энэ талаар “Бона Вита” лабораторид хэлэхэд ямар тайлбар өгсөн бэ?

-Би хүүгийнхээ зургийг авч очоод, танай оношийн дагуу 2 сар эмчилгээ хийлгэхэд хүү маань улам дордлоо. “Этимо” лабораторид дахин шинжилгээ өгөхөд танай хариунаас зөрүүтэй гарлаа гэж хэлсэн. Тэр үед н.Гэрлээ эмч сандарч, салгалаад, хоёр гараа хавсарч, чичрээд уучлалт гуйсан.

Гэтэл цаана сууж байсан захирал нь босч ирээд “Миний аав ч гэсэн хавдараар өөд болсон. Чи хүүхдийнхээ өвчнөөр шоу хийлээ” гээд намайг үсдэж, өөрийнхөө лабораторийн гаргасан шинжилгээний хариуг голоор нь урсан.

Би тухайн үед ТВ9 телевизийг дуудсан байсан тул тус телевизийн сэтгүүлч н.Гэрлээ эмчээс ярилцлага авсан. Гэтэл тэр “Би өөртөө эргэлзэж байсан учраас дээжийн зургийг нь дараад эмч нарын шинжилгээний хариугаа солилцож, ярилцдаг Германы сайт дээр тавьсан. Гэтэл Германы нэг профессор бөөрний хавдар мөн байх магадлалтай байна гэж хэлсэн.” гэж тайлбарласан байгаа юм. Тэгээд л надаас дээр дурьдсанчлан оношоо тавиагүй байхдаа танай хүүхэд хаанаа хавдартай юм бэ гэж асуугаад, бөөрний ард гэхэд шууд онош бичсэн юм билээ.

Дараа нь н.Гэрлээ эмчийг “Этимо” лабораторийн Ш.Энхтуяа эмч дээр дагуулж очиж, шинжилгээний хариуг харьцуулахад тэр хоёрын эдийн будагч бодисны шинжилгээ адил гарсан байсан. Гэсэн ч н.Гэрлээ эмч өөртөө итгэлгүй, эргэлзэж байсан учраас Герман эмчээс асуугаад, тэр хүний үгээр оношоо тавьчихсан байгаа юм. Үүнийг мэдээд Ш.Энтуяа эмч уурлаж, "Өөрийн нүдээр микроскофоор харж оношилдог шинжилгээг, утсаараа зургийг нь дараад компьютер дээр тавихад өөр харагдана шүү дээ. Сүүлийн үед эмч нар ийм алдаа их гаргаж байна" хэмээн миний хажууд загнасан. Харин н.Гэрлээ эмч “харин тийм ээ” гэхээс өөр юу ч хэлээгүй. Хэрвээ өөртөө эргэлзэж байсан бол түүнийгээ хэлээд дахин шинжилгээ хийлгэчихсэн бол миний хүү тийм их химийн эмчилгээнд орж, бие рүүгээ хор шахуулахгүй байсан шүү дээ.

3сард зөв онош мэдрэлийн эсийн хавдар гэж гарах үед

-ЭМЧ НАР ХУРАЛДАЖ, “БОНА ВИТА”-Г БУРУУГҮЙ
ГЭЖ ДҮГНЭСЭН-

-“Бона Вита” лабораторийн зүгээс бид “Бөөрний хорт хавдартай гээгүй, бөөрний хорт хавдар байж магадгүй” гэж оношилсон хэмээн мэдээлэл хийсэн байсан. Танд өгсөн шинжилгээний хариуны бичиг дээр юу гэж бичсэн байсан бэ?

-Би бүр гайхаад байгаа юм. “Магадгүй” гэдэг онош байдаг юм уу? Энэ асуултад хэн ч байхгүй л гэж хариулна. Хавдартай, эсвэл хавдаргүй л гэсэн онош байх ёстой биз дээ. Надад бичиж өгсөн онош дээр ч “бөөрний хавдартай” гэж бичсэн байсан. Гэтэл дараа нь "арьсаа" хамгаалахын тулд ийм мэдээлэл хийсэн байгаа юм.

-Энэ асуудал дээр “Бона Вита” лабораторид хариуцлага тооцоогүй, тэднийг буруугүй гэж дүгнэсэн гэсэн. Энэ талаар?

-Цагдаа, шүүгч, байцаагчид анагаахын салбарын хүмүүс биш учраас энэ төрлийн асуудлыг эмч нарын хурлаар оруулж, тэдний дүгнэлтэд үндэслэж шийддэг юм байна. Гэтэл тэр хурлынх нь дүгнэлтээр “Бона Вита”-г “хавдартай байж магадгүй” гэсэн болохоос "хавдартай байна" гэсэн онош тавиагүй. Эх нялхаст хийгдсэн эмчилгээ буюу бөөрний хорт хавдрын эмчилгээ нь мэдрэлийн эсийн хорт хавдрынхтай адил химийн эмчилгээ хийгддэг гэх мэт хаацайлсан дүгнэлт гаргасан байсан. Гэтэл бид чинь сохор биш шүү дээ. Солонгост ямар эмчилгээ, энд ямар эмчилгээ хийгдэж байсныг нүдээрээ харсан.

4сарын 2нд Зөв онош гарч нэг удаагийн хими хийлгэсэний дараах үед

-ХЭРЭВ БУРУУ ОНОШИЛЖ, ХУГАЦАА АЛДААГҮЙ БАЙСАН БОЛ ХҮҮ МИНЬ БҮРЭН ЭДГЭХ БОЛОМЖТОЙ БАЙСАН-

-Хэрэв анхнаасаа зөв оношилж, эмчилгээг зөв хийсэн бол хүү эдгэрэх бүрэн боломжтой байсан уу?

-Тухайн үед албан байгууллага, хувь хүмүүс хүүд маань маш их хандив өгч, туслалцаа үзүүлсэн учир бид хүүгээ аваад Солонгос улсад очин жил гаруйн хугацаанд маш сайхан эмчилгээ хийлгэсэн. Яг л эрүүл байх үеийнх шигээ мяраалаад, гүйж харайгаад, сайхан болчихсон байсан. Гэтэл яагаад хавдар дахин үсэрхийлж, ийм байдалд орчихов гэхээр, Монголд буруу эмчилгээ хийлгэж, цаг алдаж байх хугацаанд хавдар нь хоёр шилбэнийхээ яс руу орчихсон байсан юм билээ. Хөлөн дэх хавдар нь химийн эмчилгээний үед устаагүй, түр унтчихсан байсан учраас зайлшгүй хийгддэг эс суулгах эмчилгээнд орох үед нь сэргэж, идэвхтэй үсэрхийлсэн байгаа юм. Хэрэв хугацаа алдаагүй, буруу эмчилгээ хийлгээгүй байсан бол эмчлэгдэх бүрэн боломжтой байсан гэж Солонгос эмч нар хэлсэн. Үүний зэрэгцээ тэд одоо найдваргүй болсон гэдгийг хэлсэн тул бид Монгол руугаа буцахаар шийдсэн.

2019.4.6нд Энэ зураг солонгост очсон өдрөө  Хүүгийн чөмөг авхуулсан байдал хавдар харагдахуйц багассан бна

-ХҮҮ МИНЬ ЭМЧИЛГЭЭГҮЙ БОЛСОН ГЭДГЭЭ МЭДЭЖ
БАЙСАН ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ-

-Хүү өөрийгөө аврагдах боломжтой байсан ч, эмчийн буруу оношоос болж ийм байдалд хүрсэн гэдгээ мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. “Бона Вита” дээр очоод захирал эмэгтэй нь намайг үсддэг өдөр би ТВ9 телевизэд уйлаад ярилцлага өгсөн юм. Тэгээд эмнэлэг дээр иртэл хүү маань зурагт үзэж байхдаа намайг харсан юм билээ. “Ээжээ таныг зодсон юм уу, та эргэ дээ, хаана тань цохисон юм, өвдөж байна уу” гэж асуусан. Тэгээд би "ээж нь зүгээрээ, ээж нь зодуулаагүй" гэж хэлэхэд хүү минь сая тайвширсан. Тэр үед л өөрийгөө буруу оношлогдсоноо мэдсэн юм.

-Хүү БНСУ-д эмчилгээ хийлгээд бие нь өдөр өдрөөр сайжирч байсан тул урам орж байсан байх. Гэтэл найдваргүй болчихлоо гэдгээ өөрөө мэдсэн үү?

-Мэдээгүй. Нөхөр бид хоёр тас нуусан. Инээгээд явж байгаа хүүхэддээ “одоо чи эмчилгээгүй болчихлоо, буцъя” гэж хэлж үнэхээр чадаагүй. “Эмч Монгол руугаа буцаж яваад, өвөл болохоор эргээд ир гэж байна. Одоо зун болж байна, миний хүү аялах дуртай учраас Монголоороо аялъя гээд дагуулаад ирсэн. Гэсэн ч хүү минь өөрөө их хашир, ухаантай, сэргэлэн хүүхэд байсан учраас мэдэж байсан юм шиг байна лээ. Би бичлэгүүдийг нь эргээд үзэхэд нэг бичлэг дээр “Ээж бид 2 одоо хүнд эмчилгээнд орох гэж байна. Энд орохын тулд эмч намайг маш их ус ууж, хорыг шээсээрээ гарга гэж хэлсэн. Би ус уугаад ч нэмэр байна уу даа. Бурхандаа итгээд, намайг харж хандаарай гэж залбиръя даа” гээд бичлэг хийсэн байсан. Бид хоёр хичнээн нуусан ч, гадаа гарч уйлаад, ах дүү, хамаатан садан руугаа утсаар яриад байхаар мэдсэн байх.

-Монголдоо ирээд биеийн байдал нь ямар байсан бэ?

-Миний хүү Солонгост байхдаа байнга эх орноо ярьдаг байсан. Манай Монголын од гоё, тэнгэр нь гоё, үүл, байгаль нь гоё гээд л. Тиймээс Монголдоо ирээд 14 хоног хөдөө аймгуудаар аяласан. Буцаж ирээд наймдугаар сарын 10-даар гэнэт л нэг өдөр өглөө босоод нэг хөл нь гишгэхээ байчихсан. Тэгээд л сая есдүгээр сард өөд болсон доо.

2019.05.05 монголоос очоод сарын дараа

-МИНИЙ ХҮҮ ТЭНГЭР ДЭЭР ГАНЦААРДААГҮЙ БАЙХ-

-Таны хувьд өнөөдөр /өчигдөр/ хорт хавдартай 5 хүүхдэд туслах аяныг санаачилсан Д.Амарбаясгалантай хамтарч сайн үйлсийн аян хийхээр болсон тухайгаа мэдээлсэн. Энэ талаар?

-Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байгаад хорвоог орхисон талийгаач Б.Мөнхтуяагийн ээж Д.Амарбаясгалан надтай холбогдож, хорт хавдартай 5 хүүхдэд туслах хандивын аянд нэгдэхийг санал болгосон юм. Намайг хүүгээ эмчлүүлээд Солонгос улсад байхад талийгаач Б.Мөнхтуяа бас тэнд эмчлүүлж байсан юм. Бид хоёр холбоотой байж, бие биенээ дэмждэг байсан. Тэр үед Б.Мөнхтуяа агсан хүүхдээ маш их санаж, бэтгэрч, нэг өдөр ч болов хүүхдийнхээ гараас атгах юмсан гэж ярьдаг байсан. Гэтэл би түүнийг өөд болсны дараа энд ирээд, ээжтэй нь уулзаад, хүүхдийг нь хөтлөөд явж байхад надад маш сонин мэдрэмж төрсөн. Юм гэдэг ямар их учиртай байдаг юм бэ гэж бодогдсон. Би энэ хорвоод хүүхдийг нь хөтлөөд явж байхад энэ хүүхдийн ээж тэнгэр дээр миний хүүгийн ээж нь болоод гараас нь хөтлөөд явж байгаа байх даа гэж бодсон шүү. Миний хүү тэнгэр дээр ганцаардаагүй байх.

-Нэгэнт эмч нарын дүгнэлтээр тус лабораторийг буруугүйд тооцсон. Тэгвэл та цаашид хаана хандаж, энэ асуудалтай яаж тэмцье гэж бодож байна вэ?

-Би одоогоор Дээд шүүхэд гомдол өгчихсөн байгаа. Мөн дараагийн дараагийн шатандаа төрийн гурван өндөрлөгт хандаж, бүр болохгүй бол талбай дээр зогсъё гэж бодож байна. Надтай адилхан зовлон туулсан хүмүүс надтай нэгдэж, буруу оношлогдож байгаа хүмүүсийн төлөө, дараа дараагийн хүмүүсийг амь насаар нь хохироохгүйн төлөө хамт тэмцэж, энэ байдлыг зогсооё гэж уриалмаар байна. Би үнэхээр гомдолтой байгаа учраас эцсийг нь хүртэл явна.

-Энэ бүхнийг үзээд, туулаад гарсан хүний хувьд бусад хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Ус маш чухал юм билээ. Манай Монгол хөрсний бохирдолтой. Бохирдолтой хөрснөөс усаа авч ууна, дээр нь Туул гол руугаа юу цутгадаг билээ. Тиймээс миний ойлгосноор ус, хөрсний бохирдол бол хорт хавдрын хамгийн гол эх үүсвэр. Ер нь идэж, ууж буй зүйлдээ маш их анхаарах хэрэгтэй. Хэрэв хавдартай гэх онош гарсан бол заавал нягталж байгаарай. Өөр газар дахин 2,3 удаа шинжилгээ өгсөн ч яадаг юм. Бид эмч нарт, лабораторид итгэж цаг хугацаа алдсан. Тиймээс эмчилгээнд орохынхоо өмнө заавал шинжилгээнийхээ хариуг нягталж байгаарай гэж захимаар байна.

2020.6сард эмчлэгч эмчтэйгээ салах ёс хийж бгаа