“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Л.Шинэбат: Монголдоо очоод цэнгээнт нэвтрүүлэг хийхийг хүсдэг

“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Л.Шинэбат: Монголдоо очоод цэнгээнт нэвтрүүлэг хийхийг хүсдэг

Үе, үеийнхэнд хүүхэд насыг нь эрхгүй санагдуулдаг зүйлс байдаг. Зуугийн ундаа, зуугийн чихэр, харандаа хугалж, зажилан өнгө оруулдаг бохь, Үндэсний телевизээр өдөрт ганцхан гардаг хүүхэлдэйн кино, Үлгэрийн цаг...Тэгвэл бидний хүүхэд насандаа шимтэн үздэг байсан нэгэн нэвтрүүлгийн хөтлөгчийг бид энэ удаа онцолж байна. Тэр бол Л.Шинэбат. “Лоолойгийн найзууд”-ын Шинээ гэхэд түүнийг олон хүн андахгүй таних биз ээ.

-ӨӨРӨӨ ДУРЛАЖ, СОНИРХОЖ ХИЙДЭГ БАЙСАН БОЛОХООР
ЯДРАХАА Ч МЭДДЭГГҮЙ БАЙСАН-

-Лоолойгийн найзуудын Шинээ одоо хаана, юу хийж амьдарч байна вэ?

-Юуны өмнө энэхүү нийтлэлийг уншиж буй хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Л.Шинэбат гэдэг. Би БНСУ-ын “Дэгү” Их сургуульд “Media communication” буюу телевизийн найруулагчийн чиглэлээр суралцаж байна. Анх “Хүрээ-тулга” дунд сургууль төгсөхөд надад Солонгос улсын хэлний бэлтгэлд үнэгүй суралцах тэтгэлэг олгосон юм. Тэрхүү тэтгэлгээр Солонгост ирснийхээ дараа нэгэнт БНСУ-ыг зорьсных илүү их зүйлийг сурах нь зүйтэй юм гэж байна гэж хэлний бэлтгэлээсээ “Дэгү” Их сургуульд топикийн оноогоор элсэж, одоо тав дахь жилдээ суралцаж байна.

-Телевизийн найруулагч мэргэжлийг яагаад сонгосон юм бэ. Хүмүүс  таныг багийн туршлагаа үргэлжлүүлж, камерын өмнө “гардаг” сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй болох байх гэж боддог байсан байх.

-Нэвтрүүлгийн зураг авалт эхлэхэд зураглаач, хөтлөгч, гэрэлтүүлэгч, темп гээд бүхий л зүйлийг найруулагч хариуцаж ажилладаг. Тухайн үед хүүхдийн нүдээр харахад найруулагч хамгийн хүндтэй, мундаг хүн юм шиг санагдаж байсан. Том болсныхоо дараа энэ мэргэжлийг судлахад бүр илүү сонирхолтой санагдах болсон. Найруулагч шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой зүйлсийг сэдэж үзэгчдэд хүргэн, нэвтрүүлгийг тэр чигт нь зохион байгуулж байгаа нь надад таалагддаг. Найруулагчийг зөвхөн нэвтрүүлгийн ард ажилладаг гэж ойлгож болохгүй. Зарим тохиолдолд өөрөө эфирт гарч, хөтлөлт хийх үе ч гардаг. Тиймээс цаашдаа хөтлөгч хийгээд сууж байхыг үгүйсгэхгүй юм/инээв/.

-“Лоолойгийн найзууд” нэвтрүүлийн хөтлөгч болсон дурсамжаасаа хуваалцаач. Анх удаа эфирт гарахад ямар байсан бэ?

-Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байсан. Нэг өдөр хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч шалгаруулж авна гээд найруулагч маань ирсэн юм. Тэгээд л шалгаруулалтад орж тэнцсэн дээ. Тэр үед би 10 настай байсан.  Анх эфирт гарахад нэг их сандраагүй. Яагаад гэвэл драмын дугуйланд явдаг, бас “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнд ордог байсан болохоор зөв, цэгцтэй тод ярьдаг байсан нь нөлөөлсөн байх. Нөгөөтээгүүр найруулагчийн маань туршлагатай их холбоотой гэж боддог. Найруулагч дөнгөж нэвтрүүлэг хөтөлж байгаа хүүхэдтэй хэрхэн харьцах талаар сайн мэддэг  байсан. Гэхдээ анхны ярилцлага дээр бага зэрэг сандарч байсан шүү. Яагаад гэвэл асуултаа мартаад, дараа нь юу  асуух талаар бодсоор байгаад нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй сандарч байсан.

-Анх хөтлөгч болоход долоо хоногийн хэчнээн цагийг телевизэд өнгөрүүлдэг байсан бэ. Шахуу цагийн хуваарь нь хэцүү санагддаг байсан уу.

-Нэвтрүүлэг маань долоон хоногийн өдөр бүр 30 минут гардаг байсан. Тийм болохоор өдөр бүрийг л телевиз дээр өнгөрөөдөг байсан гэж хэлж болно. Хичээлтэй үедээ хичээлээ тараад очно. Гэхдээ ерөөсөө ядардаггүй, хэцүү санагдаж байгаагүй. Учир нь телевиз дээр нэг мэдэхэд л цаг өнгөрчихдөг, их сонирхолтой байдаг байсан. Гол нь өөрөө их дурлаж, сонирхож хийдэг байсан болохоор ядарч, шантрахаа мэддэггүй байсан байх.

-ХҮҮХЭД БАЙХААСАА Л ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ХҮН
БОЛНО ГЭЖ МӨРӨӨДДӨГ БАЙСАН-

-Тухайн үед “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэгээс өөр хүүхдийн нэвтрүүлэг нэг их гардаггүй, телевизүүд ч одоогийн шиг  олон төрлийн контенттой байгаагүй. TV9 телевизийг хүн бүр л үздэг байсан. Нэвтрүүлэг хөтөлж эхлэхэд үеийн хүүхдүүд тань хараад андахгүй таньдаг байсан байх. Тэр үед ямар санагддаг байв?

-Тэр үед одоогийнх шиг интернет хөгжөөгүй, телевизийн олон суваг ч байгаагүй, хүмүүсийн үзэх контент ч бага байсан. Орон нутагт Tv9 телевиз гардаг бас арай шинэлэг зүйлсийг хүргэдэг байсан болохоор үзэгч олонтой байсан байх. Манай нэвтрүүлэг маш их хандалттай байдаг байсан. Үзэгчийн хандалтыг шүүхэд тухайн цаг дээр “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг хоёрт ордог байсан. Хүүхдийн нэвтрүүлэг тийм өндөр хандалт авна гэдэг өндөр үзүүлэлт. Тэр утгаараа хүмүүс их таньдаг байсан.  Гадуур явахад хүмүүс хамт зургаа даруулдаг, гарын үсэг авах зэрэг тохиолдлууд их гардаг. Бас хүүхдүүдтэйгээ хамт нэвтрүүлэг үздэг томчууд их таньдаг байсан.

-"Лоолойгийн найзууд" нэвтрүүлгийн дараа “Адтай жаалууд” кинонд дүр бүтээх болсон. Хөтлөгч хийдэг байсан хүү жүжигчин болох хэр байсан бэ?

-“Адтай жаалууд” киног манай нэвтрүүлгийн хамт олон хийсэн. Шинэ хамт олон биш өмнө нь ажиллаж байсан, бие биенээ мэддэг хүмүүстэй хамтарсан болохоор жүжиглэхэд илүү амар байсан байх. Бас тухайн хүүхдийн зан ааш, онцлогт тохируулж киноны зохиолыг бичиж, дүр хувиарладаг учраас дүрээ илэрхийлэхэд илүү амар байдаг. Нөгөө талаар би багаасаа Хүүхдийн ордны дугуйланд хичээллэдэг байсан боллохоор жүжиглэх тал дээр тийм ч хэцүү санагдаагүй байх.

-Одоо сурч буй мэргэжлийн тань талаар ярилцъя. Яагаад кино найруулагчийн мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би “Media communication” гэсэн чиглэлээр суралцаж байгаа. Телевизээс гадна марктенг, харилцааны чиглэлийн хичээлүүд ч ордог. Хэлний бэлтгэлд сурч байх явцдаа би хэлээ сайжруулахын тулд Солонгос нэвтрүүлгүүд их үздэг байсан юм. Солонгосын нэвтрүүлгүүд маш сонирхолтой байдлаар хийгддэг, шинэлэг зүйл ихтэй санагддаг. Тиймээс Солонгосын нэвтрүүлгүүдийг судалж, цаашид хэрэгжүүлж болох юм шиг санагдсан учраас энэ тэнхим рүү орсон. Гэхдээ хүүхэд байхаасаа л телевизийн салбарын хүн болно гэж боддог байсан болохоор багийн мөрөөдөл маань илүү нөлөөлсөн гэж хэлж болно.

-Солонгос хэл хэр сурч байна. Анх очиход хэлний бэрхшээл гарч байв уу?

-Би кино найруулагчаас гадна Солонгос хэлний орчуулагчаар суралцаж байгаа. Энэ жил төгсөх болохоор хэлээ сайжруулах тал дээр илүү анхаарч байгаа гэж хэлж болно. Харин солонгос хэлийг хэлний бэлтгэлийг оруулаад тав дахь жилдээ сурч байна. Аливаа хэлийг бүрэн эзэмшинэ гэдэг амаргүй зүйл шүү дээ. Тийм болохоор мэдэхгүй зүйлс их гардаг. Гэхдээ өөрийгөө дайчилж, чадлаараа хичээж байгаа. Анх хэлний бэлтгэлээр ирэхэд шууд солонгос хэлээр хичээлээ үзээд эхэлсэн. Тэр үед багштайгаа ойлголцоход бага зэрэг хүндрэлтэй байсан. Үүнээс гадна өдөр тутамдаа хэлний асуудалтай багагүй тулгарч байсан. Гэхдээ одоо бүгдийг нь давж, гарсан гэж хэлж болно.

-НАЙЗУУДТАЙГАА ХАМТАРЧ УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ-

-Солонгос орон Монгол хүн сурахад хэр тохиромжтой вэ. Бас Солонгост сурахын давуу тал нь юу гэж бодож байна?

-Ер нь суръя гэвэл Монгол Солонгос гэлтгүй хаана ч сурч болох юм шиг санагддаг. Монгол хүн Солонгост суралцъя гэвэл миний хувьд харьцангуй боломжийн гэж хардаг. Учир нь Солонгост Монгол хүмүүс их байдаг. Бас адилхан Азийн орнууд учраас нэг их соёлын ялгаа гардаггүй. Хэлний бүтэц нь ойролцоо болохоор монгол хүн солонгос хэлийг илүү амархан сурдаг юм шиг санагддаг. Давуу талын хувьд мэдээж гэр бүлээсээ хол байгаа учраас бие дааж сурна. Хувийн зохион байгуулалттай болж, ажлын хуваариа зохицуулж чаддаг. Наад захын зүйлс, жишээлбэл хоолоо өөрөө хийж, хувцсаа угааж, санхүүгийн асуудлаа ч өөрөө шийдэж сурдаг. Нөгөөтээгүүр Солонгос орны хэл, соёл, сургалтын арга барилаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж нээгддэг.

-Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа бидэнтэй хуваалцаач. Давхар мэргэжлээр сурдаг болохоор их завгүй байдаг байх.

-Би өглөөний нойрондоо жаахан харамч хүн. Гэхдээ мэдээж хичээлийнхээ цагийн хуваарьт тохируулж сэрдэг. Одоогоор онлайнаар хичээллэж байгаа болохоор өглөө эрт босох нэг их шаардлагагүй байгаа. Үүнээс гадна сургуулийнхаа гадаад харилцааны албанд Монгол оюутнуудыг хариуцан ажиллаж байна. Хичээлийнхээ хажуугаар ажилладаг болохоор өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлнэ. Амралтын өдрүүдэд 24 цагийн дэлгүүрт цагийн ажил хийдэг. Хүн бүр завгүй байхыг өөр өөрийнхөөрөө дүгнэдэг байх л даа. Миний хувьд өдөр хоногууд их завгүй өнгөрдөг юм шиг санагддаг.

-Төгсөөд хаана ажиллах төлөвлөгөөтэй байна?

-Урьд нь зорилгоо тодорхой болгочихсон байсан ч төгсөх дөхөөд ирэхээр өөрчлөгддөг юм билээ. Одоо бол хоёр сонголтын “цаана” шийдвэрээ гаргахаар төлөвлөж байгаа. Эхнийх нь Монголд очоод сурсан мэргэжлээрээ ажиллах мөн найзуудтайгаа хамтарч уран бүтээл хийх. Найзууд маань урлагийн чиглэлээр суралцаж, төгссөн болохоор хамтарч ажиллахад илүү сайхан байна байх. Нөгөө нь эндээ магистраар үргэлжлүүлэн сурах. Юутай ч сургуулиа төгсөөд нөхцөл байдлаас шалтгаалан сонголтоо хийх байх.

-Ямар төрлийн контент хийхийг хүсдэг вэ?

-Би Солонгосын хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийг үзэх дуртай. Тийм болохоор Монголд цэнгээнт нэвтрүүлгүүд хийхийг хүсдэг. Хүмүүс телевизийг мэдээлэл авахаас гадна зүгээр л хөгжилтэй байхын тулд их үздэг шүү дээ. Жишээ нь ажлаа тараад телевиз үзнэ гэдэг чинь амарч байгаа нэг хэлбэр. Тиймээс хүний амарч буй тэр цаг хугацааг илүү зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой цэнгээнт нэвтрүүлэг хийхийг хүсдэг. Бас Солонгосын вэб драм хийхийг хүсдэг. Энэ мэт хийе, бүтээе гэсэн зүйлс их байгаа болохоор бүр илүү хичээж, ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.