ЭМЯ: 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулжээ. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж байгаа бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д есөн хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгаа юм байна.