СЕХ:  Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна

СЕХ: Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна

СЕХ-ноос маргааш /2020.10.14/ болох орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2020 оны ээлжит сонгууль маргааш явагдахад бэлэн боллоо. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисууд хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгосон. Мөн өчигдөр СЕХ-ноос туршилтын сонгууль явуулсан. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын (УБЕГ) дарга Д.Дэлгэрсайхан:

Ерөнхийдөө жил бүрийн сонгуулиар нэрийн жагсаалттай холбоотой “Нэг иргэн олон дахин саналаа өгсөн”, “Нэг хаяг дээр олон хүн байна” гэх асуудлууд гардаг. Маш олон төрийн байгууллагын хяналт дор нэрийн жагсаалт үйлдэгддэг. Тиймээс зөрчил гарах боломжгүй.

Нэг хаяг дээр олон хүн байгаа нь гурван үндсэн шалтгаантай. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн халамжийн төв дээр 145 хүн нэг хаяг дээр байна. Энэ нь орон гэргүй хүмүүст үйлчилдэг байгууллага. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын хаяг дээр 50 хүн амьдарч байх жишээтэй.

Дараагийн тохиолдол нь иргэд үл хөдлөх эд хөрөнгөө борлуулахдаа хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэдэггүй. Үүнээс болоод нэг хаяг дээр олон хүн давхцах тохиолдол бий. Сүүлийнх нь хаягийн зөрчил буюу Баянзүрх дүүрэг дээр задгай айлуудаа 100 гэдэг тоотоор дугаарласан байдаг. Задгай гэдгээрээ хаяглагдсан учраас 100 гэдэг тоотын дор маш олон хүн амьдарч байна. Нэрийн жагсаалтаас харахад нэг хаяг дээр 45 хүн харагдана. Бодит байдал дээр задгай хаяг дээр 8-9 өрх битгий хэл 10-20 өрх амьдарч байна.

Орон нутгийн сонгууль маргааш эхлэх тул иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа.