Хотын удирдлагуудын 130 мянган ам.долларт авсан гэх "Сурагчдын автобус" 44 мянган ам.долларт зарагдаж байна

Хотын удирдлагуудын 130 мянган ам.долларт авсан гэх "Сурагчдын автобус" 44 мянган ам.долларт зарагдаж байна

ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос "Сургуулийн автобус" төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тодруулбал, уг төслийг тухайн үеийн хотын захирагч асан С.Амарсайхан санаачилсан гэх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж, сургуулийн автобусууд үйлчилгээнд явж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд анх их тойрууд байршилтай ерөнхий боловсролын  17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 автобусыг хүлээлгэж өгсөн байдаг. Харин энэ оны шинэ хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн автобус үйлчилж байгаа гэх бөгөөд туршилтын үр дүн сайн байгаа тул нэмж 200 ширхэг автобус оруулж ирэхээр гэрээ хийж буйгаа төслийн удирдагчид мэдээлж байсан юм.

-НЭГ БҮР НЬ 130 МЯНГА ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ГЭХ СУРГУУЛИЙН АВТОБУС ҮНЭНДЭЭ 43 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙНА-

Тэгвэл өчигдөр /2020.10.13/ тус 200 автобусны эхний 75 ширхэг автобус БНХАУ-аас орж ирснийг холбогдох албаныхан сургуулиудад хүлээлгэн өгсөн юм. Тэдгээр автобус нь 54 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй гэх бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллар хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх  мэдээлсэн байдаг.

Тэгвэл автобусыг маркаар нь хайж үзвэл БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод төвтэй "Донгфенг" /Dongfeng/ гэх үйлдвэрийн автобус байх бөгөөд үнийн хувьд 130 мянган ам.доллар биш 43 мянга 980 ам.долларын үнэтэй байгааг харж болно.

Тиймээс автобус тус бүрийн үнийн зөрүү болох 86 мянга гаруй доллар, нийтдээ 75 автобусны 6 сая 450 мянга гаруй долларыг /18 тэрбум 365 сая төгрөг/ юунд зарцуулсан бэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Үүний дээр цаашид гэрээний дагуу үлдсэн 125 автобусыг 130 мянган доллароор авахад үнийн зөрүү улам бүр нэмэгдэх нь тодорхой. /тус бүрийг нь 130 мянган доллароор авах 200 автобусыг 43 мянга 980 доллароор тооцвол 17 сая 204 мянган доллар буюу 49 тэрбум гаруй төгрөгийн зөрүү гарч байна./

Хэдий зураг дээрх сургуулийн автобус болон манай улсад орж ирсэн автобусууд нь харагдах байдлын хувьд бага зэрэг ялгаатай байгаа ч нэг брэндийн, адил зориулалтын, адилхан хөдөлгүүр, хүчин чадалтай автобус  учраас үнийн хувьд тийм ч хол зөрөхгүй гэдгийг хэн бүхэн гадарлах биз ээ. Тийм байхад автобус нэг бүрийг зах зээлийн үнээс 244 сая төгрөгөөр илүү авсан байж болзошгүй байгаа нь хэн бүхэнд зөрүү мөнгийг юунд зарцуулсан бэ гэх хардлагыг төрүүлээд байна.