УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино урлагийн талаар өгсөн мэдээллийн дийлэнх нь худал байна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино урлагийн талаар өгсөн мэдээллийн дийлэнх нь худал байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн үг олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Тэрээр "Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг өөд нь татах, ухамсарт нь хандсан, улс үндэстнийхээ онцлогт тохирсон кинонууд хийгддэг. 

Манай кинонууд бодлого байхгүй учраас аллага хядлага, садар самуун, цус нөж л харуулж байна. “Univision”, “Skymedia” нээгээд промо сувгийг нь дан буу сэлэм, хар тамхи, аллага хядлага, хүчин. Ийм чиглэлийг гаргахаа больсон бодлого дэлхий даяар явуулж байна.

Миний ажиллаж, сурч байсан Канад улсад жишээ нь "Нэтфликс" гэж дэлхий даяар гардаг видео контентуудаас аллага, хүчирхийлэлтэй кинонуудыг бүгдийг нь хасчихсан байдаг.Бидний үзэх дуртай "Ну Погоди", "Маша и Медведь" "Том Жерри"  гэх мэт хүүхэлдэйнүүдийг хүүхдийн хүчирхийлэлд уриалдаг гэдэг утгаараа хасдаг. Үндэсний бодлогоо гаргаад, хүчирхийлэл, аллага, цус, гэмт хэрэг хэт их байгаа зүйлийг болиул. Энэ дээр бодлого гаргаж байгаа хүмүүс онцгой анхаарахыг хүсье" хэмээн хэлсэн юм.

Түүний хэлсэн үгийг “factcheck” шалгахад:

-Холливүүд, Болливүүд, Канн, Торонтогийн кино наадмын тухай хэлсэн үг нь “худал”. 2020 оны буюу хамгийн сүүлд Оскарын шагналд нэр дэвшсэн болон шагнал хүртсэн кинонууд дунд багтсан "Jocker", "Parasite" зэрэг кинон дээр цус, аллага, хүчирхийхэл зэрэг үйл явдлууд гардаг.

-Хууль эрх зүйн шалтгаанаар "Netflix" болон зарим сайт өөрсдийн агуулгыг тодорхой улс оронд хязгаарладгийн нэг нь Канад улс. Тодруулбал, тодорхой бүс нутаг, улс орнуудын Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж болон бусад лицензийн хязгаарлалтын улмаас Netflix цацалтын агуулгаа хязгаарладаг байна. Тиймээс Канад улсын тухайд нэмэлт төлбөр төлөөд үзэх боломжтой байдаг байна. Зөвхөн Канад гэлтгүй тухайн бүсийн байршлаас хамааран тодорхой хязгаарлалтууд байдаг ч хэрэв хэрэглэгч тухайн контентыг үзэхийг хүсэж байвал үүнийг шийдэх боломжтой аж.

Мөн Netflix-ийн кино санд “Том, Жерри” хүүхэлдэйн кино байхгүй нь үнэн ч “хүүхдийг хүчирхийлэлд уриалдаг гэдэг утгаараа хасдаг” гэсэн гишүүний үг үндэслэлгүй байна. Уг хүүхэлдэйн киног бүтээсэн “Metro Goldwyn Mayer” компанитай Netflix 2010 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэсэн ч “Том, Жерри” хүүхэлдэйн киног оруулаагүй байгаа бөгөөд үзэгчдийн зүгээс ч энэ талаар олон нийтийн сүлжээгээр хүсэлт тавьсаар байдаг ч Netflix албан ёсны тайлбар огт хийж байгаагүй аж.

“Маша ба баавгай” хүүхэлдэйн киног Netflix-ээс үзэх боломжтой бол “Ну погоди” хүүхэлдэй кино санд нь байхгүй. Гэхдээ мөн л дээр дурдсанчлан уг хүүхэлдэйн киног хүчирхийлэлтэй холбоотой гэсэн  шалтгаанаар хассан талаарх мэдээлэл нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын өгсөн мэдээллийн дийлэнх нь худал байна.