Улаан загалмайн сайн дурын ажилчид Карабахд ажиллах боломжгүй болсноо мэдэгджээ

Улаан загалмайн сайн дурын ажилчид Карабахд ажиллах боломжгүй болсноо мэдэгджээ

Өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ Армен, Азербайжаны талууд ОХУ-ын нийслэл Москва хотод хэлэлцээ хийсний дүнд Уулын Карабахд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Талууд аравдугаар сарын 10-ны үд дундаас эхлэн галаа зогсоох ёстой байсан ч Карабахын нийслэл Степанакерт хотноо долоон удаа дараалсан хүчтэй дэлбэрэлт болсон. Улмаар иргэдийн яаралтай хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн юм. Ийнхүү гал зогсоох журмыг талууд зөрчсөний улмаас Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилчид Уулын Карабахын нутаг дэвсгэрт ажиллах боломжгүй болсноо мэдэгджээ.

Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгч Этери Мусаэлян “Өдөр бүр л хүмүүс шархдаж, гэмтэж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байна. Гэвч бид ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд гал зогсоох журам хэрэгжсэний дараа л иргэдэд тусламж үзүүлэх боломжтой. Манай ажилчдын аюулгүй байдал ч чухал” гэжээ.

Гал зогсоох журмыг зөрчсөн явдалд Арменийн талаас гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлсэн хэмээн мэдэгдсэн. Харин Азербайжаны талаас Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлсэн хэмээн бие биенээ буруутгасаар байгаа юм.

Эх сурвалж: TASS