Реппер Маараа: Би олонд танигдах гэж, таалагдах гэж дуу хийгээгүй. Зүгээр л дуртай зүйлээ хийж байна

Реппер Маараа: Би олонд танигдах гэж, таалагдах гэж дуу хийгээгүй. Зүгээр л дуртай зүйлээ хийж байна

Дуу бүрээрээ сонсогчиддоо эрч хүч, шинэлэг хэв маяг, өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй мэдрэмжийг төрүүлж чаддаг реп урлагийн залуу үеийн төлөөлөл бол Маараа буюу Б.Амархүү. Маараа 2017 онд анхны дуугаа гаргаснаас хойш гуравхан жилийн дотор Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн орон зайг аль хэдийн бий болгож чадсан хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлч. Бид энэ удаа түүнийг онцолж, уран бүтээл хийгээд хувь хүнийх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-РЕППЕР ГЭДЭГ БОЛ БИЕ ДААСАН МЭРГЭЖИЛ-

-Таныг олон хүн уран бүтээлээр тань, бас реппер Маараа гэдгээр тань андахгүй байх. Тэгвэл Б.Амархүү гэж хэн юм бэ. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач.

-Намайг Амархүү гэдэг. Ахлах ангиа 47-р сургуульд сурч төгссөн бол, их сургуулиа Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгссөн. Одоо Солонгосын Сөүл хотод амьдарч, ажиллан, уран бүтээлээ хийж байна. Харин Амархүү гэдэг хүнийг хувь хүн талаас нь танилцуулбал нэгдүгээр маш цэвэрч, нямбай хүн. Хоёрдугаарт ямар ч ажлыг заавал хийж дуусгаж байж, ард нь гарч байж санаа амардаг, аливаа ажлыг хийхэд ямар ч саад, бэрхшлээл, асуудал тулгарсан шантардаггүй зорилгоо биелүүлж чаддаг тийм л хүн.

-Реп урлаг Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх.

-Урлагийн ертөнцөд репперүүд маш том орон зайг эзэлдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Миний хувьд реппер гэдэг бие даасан мэргэжил. Нэг дуу хийгээд реппер гэдэг нэрийг зүүчихгүй. Өнөөдөр хамгийн алдартай хүнийг сонсъё гэвэл реп хөгжим сонсож байна. Репперүүд өөрийн хэлэх гэсэн үгсээ дуугаараа бусдад түгээж чаддаг.  Репперүүд  шинэ дуу гаргах тусам хүмүүс цэнэглэгдэж амьдардаг. Яг үнэндээ одоогийн залуус УИХ-ын 76 гишүүнийг мэддэггүй, таньдаггүй. Харин репперүүдийг андахгүй таньж, дууг нь өдөр бүр сонсдог шүү дээ. Репперүүдийг би нөлөөлөгчид гэж хэлмээр байна.

-Маараа гэж ямар утгатай нэр юм бэ?

-Маараа гэж бурхан байдаг юм. Хүмүүс бурхан их шүтдэг. Гэтэл хүн гэдэг чинь өөрөө бурхан шүү дээ. Бурханг тахин шүтэх биш, амьд яваа нэг нэгнээ шүт, аав ээжийгээ шүт, өөрийгөө шүт. Би амьдаараа хүмүүст бурхан болж үзүүлэхийг хүсдэг. Тиймээс Маараа гэж нэрлэсэн юм.

-Таны уран бүтээлүүдийг сонсоход клип, дууны үг, ая зэргээс эхлээд бүгд өвөрмөц, шинэлэг санагддаг. Клип, дууны санаагаа хэрхэн олдог вэ. Дууны үгээ та өөрөө зохиодог уу?

-Би дуу хийхдээ маш их хичээж, дуу бүртээ хөдөлмөр шингээдэг. Клип хийхэд өглөө эрт босно, бүх төлөвлөгөөгөө нэг бүрчлэн гаргана гээд ажил их. Нэг клипны ард маш том хамт олон байдаг. Гэхдээ миний клип дээр ажиллахаар ирсэн хүмүүс мөнгөний төлөө биш сэтгэлээрээ ирцгээдэг. Мэдээж дууг клипжүүлэхэд наад захын хоол, унд, унаа, тэрэг гээд тодорхой хэмжээний зардал гарна. Би бүх дууныхаа үгийг өөрөө бичдэг. Маараа хэзээ ч бусдын үгээр дуу хийдэггүй, цаашдаа ч хийхгүй. Би өөрийн туулсан амьдралаа дуугаараа илэрхийлдэг. Нөгөө талаар миний туулсан амьдрал, хэлэхийг хүссэн үг, надаас гарсан үгээр дуу бүтсэн учраас хүмүүст илүү хүрдэг байх. Реппер хүн дууныхаа үгийг өөрөө л бичих хэрэгтэй. Чи юу туулсан, юу хэлмээр байна, юу мэдэрч байна тэрийгээ л илэрхийл. Өөртөө биш, өрөөлд таалагдах зүйлсийг хийгээд байвал хэн ч биш болж, урлагийн золиос болно шүү дээ.

-ХООЛОЙГОО СӨӨТӨЛ, ӨДӨР ШӨНӨГҮЙ БЭЛТГЭЛ
ХИЙЖ ХӨДӨЛМӨРЛӨСӨН-

-Та сая урлагийн золиос гэж хэллээ. Маш олон дуулах, реппер болох сонирхолтой залуус бий. Тэд яг юун дээр алдаад урлагийн золиос болж байна вэ?

-Бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй. Өөрийн хэлэхийг хүссэн, хийхийг эрмэлзсэн зүйлээ л хий. Бас хэтэрхий “хөөрөх” хэрэггүй гэж хэлмээр байна. Ухаантай, байж өөрийгөө үнэлж сур. Үнэ цэнэтэй бай. Өөрийг чинь үнэлэхгүй газар очоод дуулаад байж болохгүй. Хүмүүс уран бүтээлийг биш мөнгө хардаг болчихож. Уран бүтээл хийнэ гэдэг чинь өөрөө мөнгө. Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл мөнгө өөрөө ороод л ирнэ. Тиймээс дууг мөнгө гэж харж болохгүй.

-Өнөөдрийн ярилцлага дуучин Маараа гэхээс илүүтэй Амархүүгийн дотоод хүнийг илүү таниулах зорилготой. Та өөрөө залуу хүн. Үеийн тань залуус бас доод үеийнхэн тань яг ямархуу түвшинд байж, юу руу зүтгээд байгаа юм шиг санагдаж байна?

-Монголын орчин үеийн хүүхдүүд шал өөр түвшинд сэтгэдэг, маш мундаг болчихсон. Би дэлхийн олон орны хүмүүстэй уулзаж байсан. Гадаадууд нэгэн хэвийн амьдралтай, нэгэн хэвээр цутгачихсан юм шиг санагддаг. Харин Монголчууд Монгол хүн гэдгээ маш сайн ойлгодог, авьяас чадвартай, сэтгэлгээ нь хүртэл өөр, өндөр потенциалтай хүмүүс байдаг. Дэлхийн хамгийн гоё хүмүүс бол Монголчууд гэж би хэлнэ. Залуучууд гадаад оронд сурч, ажиллахыг, гадаад хүмүүсийг их шүтээд байгаа юм шиг санагддаг. Өөр өөр орны хүмүүстэй уулзаж, ярилцахад монгол орон, Монголчууд л хамгийн мундаг гэдгийг би олж харсан. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд гадаад орон, хилийн чанад гэхээсээ илүү эхлээд Монгол орноо илүү судалж, таньж мэдээсэй гэж хэлмээр байна.

-Та сая залуучуудыг гадаад гэхээс илүү Монголоо судалж үзээсэй гэж хэллээ. Та тэгвэл яагаад Солонгос руу явсан юм бэ. 

-Би Солонгост хайртай эмэгтэйгийнхээ араас ирсэн. Нөгөөтээгүүр сургуулиа төгссөний дараа хүмүүстэй харьцахад миний хэлж, ярьж байгааг ойлгох хүн байхгүй болчихсон байсан. Яагаад гэвэл миний сэтгэхүй шал өөр байсан байх. Тиймээс би ууланд гарч, бясалгал хийж цагаа өнгөрүүлдэг болсон. Ууланд гарч өндрөөс бүхнийг харахад ирээдүйн зорилго, цаашдын төлөвлөгөө маань бодогддог болсон. Одоогийн амжилттай, сайн сайхан яваа маань ууланд гардаг байсантай холбоотой гэж би боддог. Тиймээс Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүдийг гадаад орон гэж мөрөөдөхөөсөө өмнө эхлээд дөрвөн хайрхан дээрээ гарч үз гэж хэлмээр байна. Улаанбаатар хот ямар хайрхануудын дунд оршдогийг мэдэхгүй байж тэнд амьдардаг гэж ярих утгагүй хэрэг.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдынхаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

-Би олонд танигдах гэж, бусдад таалагдах гэж дуу хийгээгүйБи зугээр л дуртай зүйлээ хийсэн. Өөрт төрсөн мэдрэмж, хэлэх гэсэн санаа, бодож явдаг зүйлээ л дуугаараа илэрхийлсэн. Бас хоолойгоо сөөтөл өдөр шөнөгүй бэлтгэл хийж, хөдөлмөрлөсөн. Би зүгээр л маш гоё дуу хиймээр байсан. Тэрийгээ л хийсэн.

-МӨНГИЙГ БИШ ЦАГ ХУГАЦААГ ХЭНТЭЙ, ЮУ ХИЙЖ ӨНГӨРӨӨЖ БАЙГААГАА ИЛҮҮ АНХААРААСАЙ-

-Таны нэг дууг сонсож байхад доор нь “Маараа Солонгост очсон бүх залуу уран бүтээлчтэй хамтран дуу хийх юм. Үнэхээр хүндэлж байна” гэсэн сэтгэгдэл байсан юм. Сүүлд Desant, Wolfizm, Vandebo зэрэг уран бүтээлчидтэй Солонгост хамтарч дуу хийлээ. Тэдэнд хамтарч дуулах санал тавьсан юм уу?

-Монгол хүн, монгол хүнээ харийн оронд хүндлэх нь зүй ёсны хэрэг шүү дээ. Ах, дүү нар маань ирчихсэн байхад би хүндлэл үзүүлэхгүй яах билээ. Би тэднийг “тасдах” биш “услах” гэж хичээдэг. Тэгэх ч ёстой гэж боддог.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин сайхангаас хуваалцаач. Шинэ дуу гаргахаар төлөвлөж байна уу.

-Би дуулах дуугаа хэнд ч хэлдэггүй. Дотроо хадгалж байгаад л дуугаа гаргадаг. Хүмүүс надаас ямар дуу гаргах гэж байна гэж их асуудаг. Дуулах дуугаа би өөрөө л мэднэ бусдад хэлэх бусдаар заалгах нь тийм ч тааламжтай санагддаггүй.  Мэдээж дуугаа хийсээр л байх болно.

-Үнэндээ залуу үеийн уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? 

-Материаллаг эд зүйлс, машин тэрэг, үнэтэй хувцас, мөнгө бол одоо цагт юу ч биш. Эд хөрөнгө, мөнгөлөг бүхэн цаг хугацааны эрхээр юу ч биш болно. Зүгээр хэрэглээд л хаях зүйл. Тиймээс тэр бүхний төлөө хамаг цаг хугацаагаа, анхаарлаа хандуулах хэрэггүй гэж боддог. Харин хамт байгаа хүн бүрийг хүндэлж, аз жаргалтай цагийг өнгөрүүлээсэй. Мөнгө бол цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлсний төлөө халаасанд ордог  бонус. Тиймээс мөнгөнд анхаарах биш өөрийн цаг хугацаагаа хэнтэй, юу хийж өнгөрүүлж байгаадаа илүү анхаараасай гэж хүсдэг. Сүүлийн үед хүмүүс соёл гэж их ярих болж. Соёл гэдэг чинь хүний тархинд явагддаг зүйл шүү дээ. Ганган хувцас, чамин хэрэглээ соёл биш, түр зуурын хэрэглээ. Орчин үе өөр болсон. Зарим эрх мэдэлтнүүд мөнгөний төлөө л ажилладаг, зоосны нүхээр бүгдийг хардаг. Гэтэл одоо үеийн залуус өөр болсон. Мөнгөний төлөөх хувиа хичээсэн үйлдлийг жигших хэрэгтэй.  Хүн үхэх агшиндаа туулж өнгөрүүлсэн амьдралаа, цаг хугацааг хэнтэй, яаж өнгөрүүлсэн тухайгаа л бодно.  Тэрнээс биш мөнгөө юунд үрлээ гэж бодохгүй шүү дээ.  Нэр хүнд, мөнгө төгрөг бол  эцэстээ юу ч биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-СОЛОНГОСЫН  JYP, YG  ШИГ ЭНТЕРТАЙМЕНТ БАЙГУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ-

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Би өөрийн туулсан амьдралаа л дуугаараа илэрхийлдэг. Миний амьдрал яг кино шиг санагддаг. Би мөрөөдөж байгаа учраас мөрөөдөл шигээ л амьдарч байна. Мэдээж дунд нь алдаа оноонууд гарна. Хүн болгонд асуудал байдаг шүү дээ. Зөвхөн Маараад л асуудал тулгараад байгаа юм биш. Тиймээс чиний зорилгод хүрэх замд ямар ч асуудал тулгарсан бай даваад гараарай, алдаа гаргавал дахин бүдрэхгүй явж сураарай гэж эрч хүч өгч, ойлгуулахыг, зарим зүйлсийг сануулахыг хичээдэг.

-Монголдоо хэзээ ирэх гэж байна.

-Надад олон тоглолтын урилга, санал ирдэг. Үнэндээ дэлхийн хэмжээний тоглолтуудын дэргэд Монголд болж буй зарим тоглолт чанаргүй болдог юм шиг санагддаг. Би Монголын тоглолтуудыг доош нь хийж байгаа юм биш. Гэхдээ бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Сул талыг нь үнэнээр нь хэлж байж аливаа зүйл дээшилж, дэвжинэ шүү дээ. Уран бүтээлчдийг урьж дуулуулж байгаа бол наад зах нь сайн дуугаралттай микрофон тавиасай. Урьж залж дуудчихаад энгийн зүйл дээр хариуцлага алддагаа болих хэрэгтэй. Залуу, хөгшин гэлтгүй хөдөлмөрлөж, хичээж байгаа уран бүтээлчдийг бүгдийг нь хүндлэх хэрэгтэй. Бид нар зүгээр дуудлагаар ирдэг ажилтан биш. Гэхдээ би Монголдоо тайзан дээр гараагүйдээ харамсдаг. Зөндөө санал ирдэг ч энд ажилтай байдаг болохоор очиж чадаагүй. Удахгүй Монголдоо очиж, тоглолтоо хийнэ. Цомгоо гаргана. Монгол орноо тойрч, аялан тоглолт хийнэ.  Энэ миний өдөр хоногийг өнгөрөөх төлөвлөгөө. Харин цаашдын зорилго бол шал өөр зүйл байгаа.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар бидэнд хуваалцаач.

-Надад нэг том мөрөөдөл байдаг. Би Солонгосын YG, JYP  гэх мэт томоохон энтертайментууд шиг урлагийн талын бүхий л зүйлсийг багтаасан энтертаймэнт байгуулахыг мөрөөддөг. Хүсэл мөрөөдөлтэй түүнийхээ төлөө хичээж буй нойроо харамлалгүй өглөө эртлэн босож, зүтгэдэг хүн бүрийг дэмждэг тийм газар байгуулахыг, бүтээхийг хүсдэг.

-Сайхан мөрөөдөл байна. Тэгвэл таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүн өөрөө хүсвэл юуг ч хийж чадна. Гол нь тэр зүйлийнхээ төлөө тууштай зүтгэх хэрэгтэй. Хиймээр байгаа зүйлээ л хий. Мэдсээр байж битгий “миа” бай. Бусад хүн юу гэж бодох нь ерөөсөө хамаагүй. Хийх зүйлээ л хий. Би Солонгост хэзээ ч хийж үзэж байгаагүй зүйлээ хийсэн, хөдөлмөрлөсөн. Маараа гэдэг хүн Монгол гэдэг тойргоосоо гарчихсан. Одоо дэлхийн тойрогт зүтгэж байна. Бас би хүнд ажил хийж байгаад нуруугаа гэмтээчихсэндээ харамсдаг. Хүнд ажил гэдэг тоглоом биш. Тиймээс залуусдаа хандаж хэлэхэд хичнээн залуу нас ч гэсэн биеэ бодож байх хэрэгтэй шүү гэж хэлье. Харин намайг сонсдог хүмүүст хайртай шүү. Та нар бүгдээрээ миний зүрхэнд байдаг шүү. Маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдөл бүхэн тань биелэх болтугай. Амжилт хүсье.

-Баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө