16 насандаа Ой тогтоолтын олон улсын мастер цол хүртэж, Геннисийн рекордыг шинэчилсэн У.Солонготой ярилцлаа

16 насандаа Ой тогтоолтын олон улсын мастер цол хүртэж, Геннисийн рекордыг шинэчилсэн У.Солонготой ярилцлаа

Англичууд уурын хөдөлгүүр зохиож, Германчууд тив алгасах пуужин бүтээж, Америкчууд цөмийн бөмбөг хийж, Оросууд сансарт ниссэн бол монголчууд малаа хариулсаар. Энэ үгийг нэгэн их сургуулийн багшийн лекцээс сонсох үеэр Монгол залуус “дэлхийтэй” өрсөлдөж, тэдний хэмжээнд сэтгэх цагийг наашлуулах сан гэж бодож байв. Гэтэл Монгол залуус оюуны спорт болох ой тогтоолтоороо аль хэдийн “дэлхийг” манлайлж, бүр хэд хэдэн рекордыг эвджээ. Тэдний төлөөлөл бол 16-хан насандаа Ой тогтоолтын олон улсын мастер цолыг хүртэж, хоёртын тоо цээжлэх төрөлд Геннисийн амжилтыг эвдсэн Ууганжаргалын Солонго. Бид энэ удаа түүнийг онцолж, ой тогтоолтын талаар болон Монгол тамирчдын арга техник, мөн дэлхийн хэмжээний тэмцээн хэрхэн зохион байгуулагддаг талаар ярилцлаа.

-ААВ, ЭЭЖ, БАГШИЙНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ ЮМ ШҮҮ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛЖ БАЙСАН-

-У.Солонго охин 16-хан насандаа Ой тогтоолтын олон улсын мастер цолыг хүртлээ гэсэн мэдээг зурагтаар хараад бахархаж байлаа. Та хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв. Энэ талаар яриагаа эхэлье.

- Анх би есдүгээр ангид байхдаа ой тогтоолтын сургалтад явж эхэлсэн. Гэхдээ хичээл, сургууль гээд түр завсарлачихсан байсан. 11-р ангид орох жил зуны амралтаараа ажил хийдэг байсан юм. Гэтэл нэг өдөр надтай хамт ой тогтоолтоор хичээллэдэг байсан охин олон улсын мастер болчихсон зурагтаар гарч байсан. Түүнийг хараад, надад ч гэсэн боломж байгаа юм байна гэж бодож, урамшин тэмцээнд ормоор байгаагаа багшдаа хэлж, тамирчны бэлтгэлээ эхлүүлсэн. 2018 оны есдүгээр сараас ой тогтоолтын тамирчны бэлтгэл хийж , гурван сарын дараа буюу 12-р сард хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орж, олон улсын мастер цолыг хүртсэн.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар, ямар төрлөөр болдог юм бэ. Таны хувьд ямар төрөлд орсон бэ?

-Нэр, зүс царай, хоёртын тоолол, урт хугацааны тоо, хөзөр, зураг, үг цээжлэх гэх мэт ой тогтоолтын үндсэн арван төрөл байдаг. Тамирчид бүх төрөлд нь орсон байх шаардлагатай. Бүх төрөлд орсны дараа нийлбэр оноогоор аваргаа шалгаруулдаг гэсэн үг. Тиймээс бүх төрөлд адилхан бэлддэг. Тэмцээн бүр бас өөр, өөр. Жишээ нь Улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 минут тоо цээжилдэг бол олон улсын тэмцээнд 30 минут, дэлхийн аваргад бүр нэг цаг  цээжилдэг. Төрөл бүрд оноо тооцдог болохоор аль нэгнийг нь орхигдуулж болохгүй. Мэдээж өөрийн сонирхсон төрлөөрөө илүү дагнан, бэлдэх боломжтой байдаг. Харин би хоёртын тоолол, урт хугацааны тооны марафонд илүү сонирхолтой. 2019 оны аравдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёртын тооллын өсвөр насны төрөлд дэлхийн рекорд шинэчилж байсан. Мөн тэр жилдээ Улсын аваргад урт хугацааны буюу 15 минутын тоо цээжлэх төрөлд насандаа дэлхийн рекорд шинэчилсэн.

-Хамгийн хэцүү төрөл нь ямар төрөл вэ?

-Түүх цээжлэх төрөл нь хамгийн хэцүү санагддаг. Түүх цээжилнэ гэхээр цаанаасаа өгсөн зохиомол түүхүүдийг цээжилнэ гэсэн үг. Жишээ нь 1864 онд тэнд тийм үйл явдал болжээ, бар алим иджээ гэх мэт зохиомол түүхүүд цаанаасаа өгөгдөнө. Таван минутын турш тэдгээрээс хэн нь хамгийн их түүх цээжилж чадсанаар ялагчийг тодруулдаг. Миний хувьд анх эхлэхэд л энэ төрөл хэцүү санагдаж байсан, одоо ч хэцээ санагддаг хэвээрээ/инээв/.

-Хамгийн эхний тэмцээнээсээ олон улсын цол авсан гэхээр үнэхээр гайхмаар сонсогдож байна. Тэмцээний үеэр хэр сандарч байв.

-Мэдээж маш их сандарсан. Бүр хөл чичирч, гар салганаж байсан. Богино хугацаанд бэлдсэн болохоор  тэмцээний шагналыг авах биш харин олон улсын цол авах талаар л бодож байсан. Бодож, зорьж байснаа ч амжилттай биелүүлсэн. Сандарсан үед анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх талаар багш маань бидэнд сайн зааж, зөвлөдөг. Багшийнхаа хэлснээр л сандарлаа дарж байлаа. Нөгөөтээгүүр ээж, аав, багш маань надаас их зүйл хүлээж байсан болохоор тэдний итгэлийг алдчих вий гэж их эмээсэн. Би өөртөө маш итгэлгүй байсан. Гэтэл гэр бүл, багш маань надад өөрөөс минь илүү итгэж, найдаж байгаа. Тэднийгээ бодоод л би чадна гээд өөрийгөө зоригжуулж, цол руу “дайрсан” даа.

-БУСАД ОРНЫ ТАМИРЧИД ОЙ ТОГТООЛТЫГ МЭРГЭЖИЛ БОЛГОСОН БАЙДАГ БОЛ МОНГОЛЫН ТАМИРЧИД ХИЧЭЭЛ, АЖЛЫНХАА ХАЖУУГААР БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ-

-Хоёулаа цээжлэх арга техникийн талаар ярилцъя. Тэр олон тоог яаж тийм сайн, алдалгүй нэг бүрчлэн тогтоож чаддаг юм бэ?

-Хүмүүс төсөөллийн арга гэхээр “цээжлэх тооныхоо хэлбэрийг нь харж, төсөөлж цээжлэх юм уу” гээд байдаг. Гэхдээ тийм биш. Хадаас үг гэж байдаг юм. Тухайлбал, 34 гэсэн тоон дээр мод гэдэг үг, 95 гэсэн тоон дээр бохь гэх ч юм уу, тоо болгон дээр тогтсон үг оруулдаг гэсэн үг. Цээжлэх тоогоо хадаас үгэндээ орлуулж, богино хэмжээний кино үзэж байгаа мэт л тархиндаа буулгадаг.

-Ой тогтоолтын тэмцээнд, ялангуяа дэлхийн хэмжээний тэмцээний үеэр өчүүхэн ч анхаарал сарниулж болохгүй байх. Ер нь тэмцээн гэлтгүй хүмүүс өдөр тутамдаа яаж анхаарлаа төвлөрүүлж сурах вэ. Та өөр дээрээ жишээ авч ярьж өгөөч.

-Багш маань гүнзгий амьсгал авч, удаанаар гарган анхаарлаа төвлөрүүлэхийг зааж байсан юм. Гэхдээ хүн бүр өөрийн онцлогоор анхаарлаа төвлөрүүлдэг. Миний хувьд анхаарлаа төвлөрүүлэхдээ хээр тал төсөөлдөг. Надад байгалийн үзэсгэлэнтэй, хөдөө хээр тал  маш тухтай санагддаг. Өөрийн тухтай газар байна гэж нүдээ аниад төсөөлөхөд л анхаарал сайн төвлөрдөг. Дэлхийн аваргад орохдоо Хонконгод Монголын хээр талыг төсөөлөөд л сууж байлаа. Тиймээс өөрт тохирсон анхаарал төвлөрүүлэх аргаа олох хэрэгтэй байх.

-Аливааг цээжлэх,  тогтоох тэр арга техникээ практик дээр хэрхэн хэрэглэдэг вэ?

-Анх сургалтад явдаг байсан ч аливааг цээжлэхдээ аргачлалаар биш, өөрийнхөөрөө цээжлэх гээд байдаг байсан юм. Гэтэл нэг өдөр газарзүйн хичээл дээр шалгалттай байсныг мэдээгүй. Унших сэдвүүдийг багш заагаад өгчихсөн байсан юм. Тэгээд л завсарлагааны таван минутад төсөөллийн аргаараа гүйлгэж уншиж, цээжилсэн. Тэр шалгалтад юу ч бэлдээгүй хэрнээ, 90 А авч байсан. Яг тэр үеэс л арга эвээ олсон гэж хэлж болно. Түүнээс хойш бүх зүйлийг аргачлалаараа цээжилдэг болсон.

-Хүмүүс ой тогтоолтын спортоор хичээллэдэг хүнд хэл сурах, шинэ үг цээжлэх ямар ч асуудалгүй байдаг гэж боддог. Ой тогтоолтын аргачлалаар хэл сурах боломжтой юу?

-Одоо би хэлний бэлтгэлд явж байгаа. Шинэ үг цээжлэхдээ аргачлалаараа цээжилдэг. Шинэ үгийг ямар ч асуудалгүй цээжилдэг. Яг цээжлэх аргачлалын хувьд жишээ нь  “dangerous” буюу аюултай гэдэг үгтэй төсөөтэй утгатай буюу “hazard” гэдэг үг байлаа гэж бодъё. Үүнийг цээжлэхдээ “Маш аюултай эмэгтэй миний хажууд байна. Тэр эмэгтэй намайг хазахад л бүх зүйл дуусна” гэж монгол төстэй дуудагддаг үгээр нь үйл явдалд оруулж төсөөлдөг. Анх төсөөллийн аргаар үг цээжилж эхлэхэд жаахан төвөгтэй санагдаж магад. Тэглээ гээд шууд орхичихож болохгүй. Юуг ч олон дахин давтах тусам сайжирдаг шүү дээ. Түүнтэй адил байнга давтаад, тууштай хичээллээд байх юм бол  хэн ч амархан цээжлэх боломжтой.

-Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид оюун ухааны спортод толгой цохих боллоо. Ер нь Монгол тамирчид бусад орны тамирчнаас юугаараа ялгардаг юм шиг санагддаг вэ. Мэдээж та тэдний нэг болохоор төвөггүй хариулах байх.

-Монгол хүүхдүүд аливаа зүйлийн цаад талыг нь сайн харж чаддаг, задгай сэтгэдэг юм шиг санагддаг. Ямар нэгэн зүйлийг олон талаас нь харж, тунгааж, учир шалтгааныг нь хайхдаа хэнээс ч илүү. Манай Монголд тамирчид хичээл, ажлынхаа хажуугаар ой тогтоолтоор хичээллэдэг. Гэтэл бусад орны тамирчид бүр мэргэжлээ болгоод өдөр бүр нь бэлтгэлээ хийдэг. Гадаадын тамирчид “Монголоос жил болгон өөр өөр тамирчид ирэх юм. Тамирчдаа нууцаар бэлдээд байдаг юм уу”  гэж хүртэл хэлж байсан гэсэн. Жишээлбэл хамгийн сүүлд арван хоёрдугаар сард БНХАУ-ын Ухуань хотод болсон тэмцээний үеэр Хойд Солонгос, Хятадын тамирчид маш сайн байсан. Учир нь тэд маш чанга диктатуртай, өглөөнөөс орой хүртэл удаан хугацаанд бэлтгэл хийдэг. Өнөөдөр дэлхийн аваргад оролцлоо гэж бодоход маргааш нь шууд дараагийн дэлхийн аваргадаа бэлддэг. Гэтэл манайхан тэмцээн дөхөхөөр л бэлтгэлээ хийдэг. Хэрвээ бид Хятад, Хойд Солонгос шиг өдөр бүр бэлдвэл дэлхийд гарах бүр их нөөц боломжтой. Бас Монгол тамирчид маш богинохон хугацаанд ахиц гаргадаг гэдгээрээ ялгардаг. Миний бодлоор Монгол хүний ген нөлөөлдөг байх.

-ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭД ГОЦ УХААНААС ИЛҮҮ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ШААРДЛАГАТАЙ-

-Ой тогтоолтоор хичээллэснээр танд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Есдүгээр ангидаа би маш сахилгагүй, заримдаа хичээлээ тасалчихдаг хүүхэд байсан. Тэр үед ээж маань намайг ой тогтоолтын сургалтад явах санал тавьсан. Ой тогтоолтоор хичээллээд би “сууж” сурсан. Бас хичээл зүтгэл бүрийн ард сайн үр дүн байдаг гэдгийг мэдэрч, тууштай байж сурсан. Цагийг яс барьж, хувийн зохион байгуулалттай,  бас хатуужилтай болсон.

-Олон хүн гоц ухаантай хүмүүс л энэ спортоор хичээллэдэг гэж ойлгодог. Би ч тэгж боддог байсан. Ой тогтоолтын спортоор хүн бүр хичээллэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Ой тогтоолтын спортоор хичээллэхэд төрөлх авьяас, гоц ухаан гэхээсээ илүүтэйгээр хичээл зүтгэл, тууштай бэлтгэл хамгийн чухал. Жишээ нь тэмцээний үеэр тамирчид өглөө 5 цагаас оройны 10 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Тэмцээн дөхөхөөр бас 14 хоногоор кэмпид гарч бэлддэг. “Аливаа зүйлийг эхлүүлбэл тэр ажлынхаа 50 хувийг хийсэн гэж бод” гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс эхлэх нь бас чухал. Ер нь энэ спортод дурлаж, хичээллэвэл бүх талын боломж нээлттэй байдаг.

-Тэгвэл заавал энэ спортоор хичээллэе гэсэн зорилготой биш, энгийн хүмүүс ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?

-Энэ талаар ярьвал маш олон зүйлийг дурдах байх. Миний бодлоор хоол хүнсэндээ брокли, хар шоколад, хонины сүүл, омега 3, уургаар баялаг гэх мэт тархинд тэжээл өгөх хүнснүүдийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Би бэлтгэл хийж байхдаа өглөө 5 цаг босдог байсан. Одоо өглөө 7 цагт босоод заавал бясалгал хийдэг. Унтахаасаа өмнө ч бас бясалгал хийдэг. Ачаалал ихтэй үед тархиа сайн амраах нь чухал. Ном унших нь бас нэг төрлийн тархины бясалгал болдог гэж боддог

 -Хамгийн сүүлд Уханьд болсон Дэлхийн аваргын тэмцээний талаар ярилцъя. Ямар амжилт үзүүлэв?

-Миний зорилго бол хамгийн дээд цол буюу ой тогтоолтын олон улсын мастер болох байсан. Тэр зорилгоо биелүүлэн цолоо авч, өсвөр насны ангилалд гуравдугаар байранд орсон. Энэ тэмцээн үнэхээр өрсөлдөөнтэй, ширүүн тэмцээн болсон. Бас нэг зорилго нь хоёртын тоолол дээр Геннисийн рекордыг эвдэх байсан.Хоёртын тоолол гэдэг нь 30 минутад 0 болон 1-ээс бүрдсэн цифрийг хэн илүү цээжилсэн нь ялагч болдог юм. Дэлхийн рекорд нь 5540 байдаг. Харин би  5600 цифр цээжилж, Геннисийн амжилтыг эвдсэн. Гэхдээ миний дараа өөр тамирчид бас эвдчихсэн /инээв/.

-Та бүхний амжилтаас Монголд ой тогтоолтын спорт хөгжих бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Тэгвэл энэ спортыг илүү хөгжүүлэхэд юу хамгийн их шаардлагатай гэж бодож байна?

-Монголын тамирчдын ихэнх нь гадаадын тэмцээнд оролцъё гэвэл өөрсдөөсөө зардлаа гаргадаг. Цөөхөн тамирчид ивээн тэтгэгчтэй болсон байдаг. Гэтэл Япон, Хойд Солонгос, Хятад гэх мэт орнууд тамирчдынхаа хоол унд, байрлах газраас эхлээд өмсөх зүйлсийг хүртэл гаргаж өгдөг. Бас тамирчдыгаа дэмжиж бэлтгэлийн байрууд хүртэл гаргаж өгдөг.  Монголд тийм зүйл байдаггүй учраас тамирчид жинхэнэ бор зүрхээрээ явдаг гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа.Таньд амжилт хүсье.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө