НОБГ: Архи, согтууруулах ундаа хэрэглэж, даралт нь ихэссэн иргэд “угаартлаа” гэж дуудлага өгч байна

НОБГ: Архи, согтууруулах ундаа хэрэглэж, даралт нь ихэссэн иргэд “угаартлаа” гэж дуудлага өгч байна

Цаг агаар эрс хүйтэрснээр Улаанбаатар хотын хэмжээнд галлагаа эрс нэмэгдэж угаарын хийнд хордсон гэх дуудлага нэмэгдэх хандлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр /2020.10.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Эрс хүйтэрч байгаа тул нийслэлийн хэмжээнд галлагаа нэмэгдэж, дуудлага өсөх хандлагатай байна. “Угаарын хийнд хордлоо” гэсэн байдлаар Түргэн тусламжийн 103, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, зөвлөгөө авсан иргэд олон байна. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, даралт нь ихэссэн иргэд “Угаарын хийнд хордож бие муудлаа” гэдэг худал дуудлага өгч, төрийн байгууллагынхны ажлыг хүндрүүлэх тохиолдол гарч байна. Даралт ихэссэн, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй дуудлагад эрүүл мэндийн байгууллага очдоггүй, зөвлөгөө өгдөг. Харин угаарын хийнд хордсон дуудлагад яаралтай очдог юм байна. Тиймээс иргэдийг хариуцлагатай байж, зөв галлагаа хийж, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг хүсч байна.

Угаар мэдрэгчдийг дуу гаргаж байна гээд ажиллуулахгүйгээс өөрийгөө гэр бүлийнхнийхээ амь насыг эрсдэлд оруулж байна. Угаар мэдрэгч эвдэрсэн тохиолдолд “Тавантолгой түлш” компаниас нэг удаадаа үнэгүй сольж өгч байгаа” хэмээн мэдээллээ.