Малдаа яваад сураггүй болсон 18 иргэний аравыг нь эсэн мэнд олоод байна

Малдаа яваад сураггүй болсон 18 иргэний аравыг нь эсэн мэнд олоод байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байгаа учир иргэд цасанд суух, малдаа яваад сураггүй болох тохиолдол ихээр бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр /2020.09.30/ орсон цасан шуурганы улмаас хөдөө орон нутагт 18 малчин сураггүй алга болж,  иргэд машинтайгаа цасанд боогдсон гурван  тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хоёр, Өлзийт суманд нэг, Хужирт суманд хоёр, Бүрд суманд нэг, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг, Бүрэн суманд хоёр иргэнийг буюу нийт арван малчдыг  эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд нэг, Зүүнбаян-Улаан суманд нэг, Бүрд суманд хоёр, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Дэлгэрхаан суманд хоёр , Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг нийт  найман малчдыг   эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй.

-Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Могойт болон Яргайт багийн “Ноён хайрханы хөндлөн”, “Мухар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин С /41 настай, эрэгтэй/, О /40 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Зүүн хоолойн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/Тус сумын харьяат малчин Н /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:15 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант, Ар хөшөөт багийн “Замын булаг”, “Баян хайрханы-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км-т, сумаас зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Т/44 настай, эрэгтэй/, Ц /44 настай, эрэгтэй/, Д /42 настай, эмэгтэй/ нар 09.30-ны өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.01-ний өдрийн 06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т “Цагаан толгой” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Иргэн Т, Д нарыг эрэн хайж байна.

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Баян-Өвөрийн шинэ ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/Тус сумын харьяат малчин Ч/70 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 20:35 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.01-ний өдрийн 04:05 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т малчин Ю-ийнд эсэн мэнд байхад олсон.

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/Тус сумын харьяат малчин А/50 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 20:13 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

-Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 246 км-т/Тус сумын харьяат малчин Д /34 настай, эрэгтэй/, С /27 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хуучин хүдэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин Т /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 18:30 цагт хадлан дээрээсээ өвөлжөө рүүгээ автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын хэсгийн цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 21:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 10.01-ний өдрийн 01:48 цагт түр зогсоож, 07:00 цагт эхлүүлсэн.