Тусгаарлах байранд зутарч, хагацал үзсээр буй иргэд тусгаарлалтын хугацааг 14 хоног болгохыг шаардлаа

Тусгаарлах байранд зутарч, хагацал үзсээр буй иргэд тусгаарлалтын хугацааг 14 хоног болгохыг шаардлаа

Манай улс хилээ хааснаас хойш иргэд тусгай үүргийн нислэгт багтах гэж олон сар хүлээж, хамаг бүхнээ золин байж эх оронлуугаа тэмүүлсээр байна. Гэвч тэдний эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаа хэтэрхий урт байгаагаас хүүхэд, хөгшид агааргүй орчинд зутарч, мөн зарим иргэний хувьд гэр бүл, дотны хүмүүстэйгээ уулзаж чадахгүй байх мэтээр харамсалтай явдал ихээр тохиолдож байгааг тэд онцоллоо.

Есдүгээр сарын 21-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 261 иргэний хувьд байрласан буудлын хоол унд, нөхцөл байдал сайн байгаа хэдий ч тусгаарлалтын хугацаа хэт урт байгаагаас бага насны болон өндөр настай иргэдийн дархлаа суларч, байдал хүндэрч байна хэмээн байр сууриа илэрхийлж, шаардлага хүргүүлж эхэллээ. Тэд “УОК тусгаарлалтын хоногоо 14 хоног болгохыг шаардаж байна. Тусгаарлалт нэртэй 21 хоногт агаар байхгүй бүгчим өрөөнд хүүхэд, хөгшид хамгийн ихээр зутарч, дархлаа нь муудаж байна. Тиймээс бусад улс орны жишгийг дагаж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахыг УОК-оос шаарджээ. Мөн тэдний хувьд нислэгийн зардал болон тусгаарлалтын үнэ хэт өндөр байгаагаас эдийн засгийн хүндрэл ихээр учруулж байгаа” хэмээн мэдээллээ.

Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд зарим иргэдийн ар гэрийнхэн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зарим нь дотны хүмүүсийнхээ хойдын буяныг нь ч хийж чадахгүй суугаа аж. Мөн бусад иргэд олон сар хүлээсэн хань ижил, үр хүүхэд, өндөр настай ээж аавтайгаа уулзаж чадалгүй, харамсаж үлдэх вий гэсэн айдастай байгаагаа мөн илэрхийлсээр байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө