О.Бямбадэлгэр: ХҮН-ын албан ёсны тамга Т.Ганболдод бий. Б.Найдалаагийн тамга хуурамч

О.Бямбадэлгэр: ХҮН-ын албан ёсны тамга Т.Ганболдод бий. Б.Найдалаагийн тамга хуурамч

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг өчигдөр /2020.09.29/ гаргасан. Учир нь Нийслэлийн ХҮН-ын хорооны дарга О.Бямбадэлгэр ХҮН-ыг сонгуульд оролцуулах тухай Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг эсэргүүцэж шүүхэд хандсанаар дээрх нөхцөл байдал үүссэн юм.

Бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэлийн ХҮНамын хорооны дарга  О.Бямбадэлгэртэй холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Б.НАЙДАЛАА, Т.ДОРЖХАНД НАР “МӨНГӨ ӨГЬЕ” ГЭЖ ХЭЛЭЭД МАНАЙ НАМД ОРЖ БАЙСАН-

-Сайн байна уу? Та ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ер нь үүсээд буй нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Миний хувьд ХҮН-ыг анх үүсгэн байгуулагчдын нэг. 2010 онд ХҮН-ын нэрийг авахаас эхлээд 801 буюу түүнээс олон хүний гарын үсгийг цуглуулж Улсын дээд шүүхэд бүртгүүлэх зэрэг ажлыг бид анх хийж байсан. Хамгийн анхны гишүүдийн нэг. Энэ ч утгаараа ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байсан. Дараа нь Т.Доржханд, Б.Найдалаа зэрэг гадаадад сургууль төгссөн өөрсдийгөө боловсролтой гэгдэх залуус орж ирсэн. Тэднийг орж ирсний дараа нам дотор бүтцүүд өөрчлөгдсөн. Т.Доржханд, Б.Найдалаа нар “Бид гадаадад сургууль төгссөн. Тийм учраас Удирдах зөвлөлд тань орж намын бодлогыг зангидна. Бид санхүүжилтыг гаргана. Мөнгө байна. Та нар мөнгөгүй байгаа учраас бид нарыг Удирдах зөвлөлдөө оруулчих” гэж бидэнтэй яриад, тохирсон.

Энэ тохиролцооны дагуу Б.Найдалаа, Т.Доржханд, н.Гантулга гэх залуусыг намын Удирдах зөвлөлд оруулсан.

Ингээд миний бие Нийслэлийн намын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөөд Багахангай дүүргийн намын хорооны даргаар томилогдсон. 2020 оны есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Багахангай дүүргийн намын хорооны даргын ажлаа хийж байсан. Ингээд наймдугаар сард намын удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ /Т.Доржханд, Б.Найдалаа, П.Наранбаатар/ уулзаж, “Зөрчилдөөнөөс болж 2016 онд УИХ-ын сонгуульд оролцоогүй ч одоо УИХ-д төлөөлөлтэй болчихлоо. Одоо орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоно” гэж ярьсан байдаг юм. Гэтэл намын удирдлагууд маань биднийг юман чинээ авч үзээгүй. Тэр бүү хэл наймдугаар сарын 03-ны өдөр намын анхан шатны байгууллага үүрийн нэгжүүдийг татан буулгах тогтоол гаргасан. Есөн дүүргийн намын хорооны даргаас гадна 156 үүрийн дарга байна шүү дээ.

-Б.НАЙДАЛАА НАР НАМЫН ДҮРМИЙГ ЗӨРЧИЖ АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА, ҮҮРҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАСНААР ЗӨРЧИЛ ЭХЭЛСЭН-

-Нийслэлийн намын хорооны тань дүрэмд анхан шатны нэгж үүртэй холбоотой ямар зохицуулалт байдаг вэ?

-Есөн дүүрэг, 156 үүрийн дарга нараас гадна тухайн дүүрэг, орон нутгаас иргэдийн төлөөлөгчид, тэргүүлэгчид оролцож байж нийслэлийн намын хорооны хурлыг зохион байгуулна гэж намын дүрэмд заасан байдаг. Гэтэл энэ хурлыг албан ёсоор зарлахгүйгээр Удирдах зөвлөл намын дүрмийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн анхан шатны үүрийн байгууллагуудыг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, намаа үүсгэн байгуулсан бид нарыг татан буулгасан.

Тэгснээ П.Наранбаатар гэх нөхрийг Нийслэлийн намын даргаар томилж, Нийслэлийн сонгуулийн ерөнхий хороо руу материалыг нь өгсөн.

Үүнээс өмнө Нийслэлийн намын хорооны даргын албан тушаал эзэнгүй байсан шүү дээ. П.Наранбаяр,  н.Баярсайхан, Т.Бат-Оргил нар Нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд намаасаа татгалзаж, гарсан байсан юм. Тийм учраас уг албан тушаал эзэнгүй байсан. Харин бид Нийслэлийн намын хорооны хурлыг албан ёсоор хийгээд намайг Нийслэлийн намын даргаар томилсон. Ингээд хоёр даргатай болсон учир хоёр талаасаа бүх үүрүүдээ хуралдуулж “Танай дүүрэгт ямар боловсролтой, түүхтэй, туршлагатай хүмүүс нэр дэвшүүлэх юм” гэдгээ ярилцсан.

Хоёр дарга уулзаж хоёр талаасаа нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрсийг өгсөн. Манайх 45, тэднийх 21 хүний нэр өгсөн. Гэтэл Б.Найдалаа Сонгуулийн ерөнхий хороонд хандан “Манай намыг бүртгэхгүй бол шүүхэд өгнө” гэж хэлээд бүртгүүлж, нийслэлийн сонгуульд оролцох тогтоолоо гаргуулсан. Тиймээс би албан ёсны хурлаараа сонгогдсон даргын хувьд 40 гишүүнхээ эрх ашгийг хамгаалж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар хандсан юм.  

Уг шүүх хурал өчигдөр болж нэлээн олон цаг хуралдсаны эцэст Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан тогтоолыг хүчингүй болгож манай талд шийдвэрлэсэн.

2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан тогтоол бий. Уг тогтоолд “Дөрөвдүгээр сарын 30-аас өмнө нам, эвслүүд анхан шатны үүрийн байгууллагаа байгуулсан байх ёстой. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам эвслүүд орон нутгийн сонгууль болоод Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцоно” гээд тусгачихсан. Тэгэхээр эдгээр нөхдүүд өөрөө, өөрсдийгөө боомилсон. Бид нарыг наймдугаар сарын 03-ны өдөр татан буулгаж, 8-нд орны дарга нарыг томилсон. Гэтэл Г.Занданшатарын гаргасан тогтоолд дөрөвдүгээр сарын 30-аас өмнө үүсгэн байгуулагдсан намын үүрийн байгууллага байна гэж заасан. УИХ-ын тогтоолоос хойш гарсан шийдвэрээр өөрөө, өөрсдийгөө унагаж байна шүү дээ.

-БИДЭНД АЛБАН ЁСНЫ ТАМГА, ТЭМДЭГ НЬ БАЙНА. ХАРИН ТЭД ХУУРАМЧ ТАМГА, ТЭМДГИЙГ ШИНЭЭР ХИЙСЭН-

-Намын тань албан ёсны тамга тэмдэг нь Б.Найдалаа нарт л байгаа юм байна гэж ойлгогдож байна?

-Албан ёсны тамга, тэмдэг /ХҮНамын/ тойрсон маргаантай асуудал явсаар л байгаа. Намын албан ёсны тамга, тэмдэг нь Тордойн Ганболдод бий.  

-Гэтэл Тордойн Ганболд тань одоо ХҮН-д ямар ч хамааралгүй биз дээ?

-Тийм.

-Тэгэхээр таньд болон Б.Найдалаад хуурамч тамга тэмдэг байгаа гэсэн үг үү?

-Б.Найдалаагийн тамга, тэмдэг нь бүгд хуурамч. Бидэнд байгаа тамга, тэмдэг нь ХҮН-ыг анх байгуулахад л байсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн намын тамга, тэмдэг нь хуурамч биш жинхэнэ. Өмнө нь өөрчлөгдөөгүй, хэн нэгэнд өгөөгүй, аваагүй яг л уламжлагдаж ирсэн тамга. Харин Б.Найдалаа нар бид нарыг татан буулгаад шинээр тамга хийлгэсэн байна лээ. Бөөрөнхий дардастай тамга хийлгэсэн байна лээ.

-Б.Найдалаа, Т.Доржханд нар 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд ХҮН-аас гарсан. Эргээд намдаа албан ёсоор бүртгүүлсэн үү?

-Бүртгүүлээгүй. Манай намын Их хурал болоогүй шүү дээ.

-ХОЙНООС ИРЭЭД ХОТ МАНАЙХ. ХОТОНД ИРЭЭД ХОНЬ МАНАЙХ ГЭДЭГ ШИГ ААШИЛЖ БАЙНА-

-Биднийг хууль бусаар ажлаас халж, намаас хүчээр хөөсөн гэх гомдлыг шүүхэд гаргаж болоогүй юу?

-Уг асуудлаар хандаад явж байгаа. Би жигүүр, фракц байгуулаагүй. Манай намын дүрэмд жигүүр байгуулахыг хориглосон. Харин фракц, жигүүр байгуулаад байгаа хүмүүс нь Б.Найдалаа нар юм. Бид нар 2016 онд яг энэ бүрэлдэхүүнээрээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж оролцож байсан. Би дахиад л намаасаа нэр дэвшиж байна. Харин Б.Найдалаа, Т.Доржханд нар намын гишүүнээсээ татгалзаад 2016 онд бие даан нэр дэвшиж байсан шүү. Үнэнийг хэлэхэд, хойноос ирээд хот манайх. Хотонд ороод хонь манайх гэдэг ажлыг хийж байна энэ хүмүүс. Тэд “Бид нар л энэ намыг байгуулсан” мэтээр ярьж байна шүү дээ. Гэтэл юу үнэн, бид энэ намыг байгуулсан нь үнэн юм.

-Таныг Ардчилсан намтай нийлээд ийм үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Би амьдралынхаа туршид ганцхан намд элссэн. Хөдөлмөрийн үндэсний намд л элссэн. 2015 оны зургаан сард олгосон намын хамгийн анхны улаан батлах бий. Дараа нь Т.Доржханд, Б.Найдалаа нар манай намд орж ирээд намын батлахыг ягаан болгосон. Тэр ягаан батлах нь ч бий. Түүнээс өөр  намтай уулзаж, учирч, тохирсон зүйл алга. Түүнийг шалгаад тогтоож болно.