Эмч В.Ганхуяг: Самрыг ястай нь идсэнээс болж өдөрт 1-2 хүүхэд  гэдэс нь түгжрэн ирж байна

Эмч В.Ганхуяг: Самрыг ястай нь идсэнээс болж өдөрт 1-2 хүүхэд гэдэс нь түгжрэн ирж байна

Намрын улирал ирж, самар, жимс ихээр гарсан энэ үед бага насны хүүхдүүд самар цөмж чадахгүйгээс ястай нь залгих тохиолдол түгээмэл байдаг.

Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр гэдэсний түгжрэл үүссэн хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д олноор хандаж байгаа талаар мэргэжлийн эмч нар сэрэмжлүүлсээр байна. Бид энэ талаар ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тэргүүлэх зэргийн мэс заслын эмч, Клиникийн профессор В.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр ЭХЭМҮТ-д жилдээ 10 мянга гаруй өдөртөө 30-40 хүүхдийн хагалгаа улирал харгалзахгүй хийгдэж ихээхэн ачаалалтай ажилладаг тухай хэлж байсан юм.

-ӨДӨР БҮР 1-2 ХҮҮХЭД САМРЫГ ЯСТАЙ НЬ ИДСЭНЭЭС
ГЭДЭС НЬ ТҮГЖРЭН ИРЖ БАЙНА-

-Хүүхдүүд самрыг ястай нь идсэнээс болж гэдэс нь түгжирч мэс засалд орж байна гэсэн сэрэмжлүүлгийг та сошиалд нийтэлсэн байсан. Энэ шалтгаанаар одоогоор хэдээс хэдэн насны хичнээн хүүхэд ЭХЭМҮТ-д хагалгаанд ороод байна вэ?

-Энэ намар их ургацын жил тохиож буйтай холбогдуулан самрын хэрэглээ өргөн байна. Үүнтэй холбоотойгоор 3-10 насны буюу бага насны хүүхдүүд самрыг ястай нь зажилж идсэнээр хоол боловсруулах замын доод хэсгийн гэдэсний бөглөрөл, түгжрэл үүсч манай төвд хандаж байна. Тэдгээр хүүхдийг бид мэс заслын журмаар унтуулан мэс ажилбар хийж түгжрэлийг гаргаж байгаа.

-Одоогоор хэдэн хүүхэд самрын яснаас болж хагалгаанд ороод байна вэ?

-Манай ЭХЭМҮТ нь 24 цагаар иргэдэд үйлчилдэг. Өдөртөө хүлээн авах тасгаар нийтдээ 300-320 хүүхэд үзүүлдэг. Үүнээс бараг 100 гаруй хүүхэд нь мэс заслын шалтгаанаар үзүүлдэг. Тэдгээрээс сүүлийн хэд хоногийн байдлаар өдөрт 1-2 хүүхэд самрын яснаас үүдэлтэй гэдэсний бөглөрөл, түгжрэл болон ирж байна.

-САМРЫН ЯС ГЭДЭСНИЙ ДОТОР ТАЛЫН САЛСТУУДЫГ ГЭМТЭЭДЭГ-

-Самрыг ястай нь идсэнээр хүний биед ямар хор уршигтай вэ?

-Самрын яс нь хүний биед боловсордоггүй. Гэтэл бага насны хүүхдүүд үүнийг идсэнээс болоод  гэдэсний дотор орж бөөгнөрөн маш их өвдөлт өгдөг. Мөн самрын үзүүртэй яс нь гэдэсний дотор талын салстуудыг гэмтээж цус гарган цаашлаад халдвар үүсгэх ч эрсдэлтэй.

-Самрыг ястай нь идсэнээс хэдий хугацааны дараа түгжрэлийн шинж тэмдэг илэрч эхэлдэг вэ?

-Ихэвчлэн 24 цагийн дараа анхны шинж тэмдгүүд илэрдэг.

-Тэдгээр шинж тэмдгүүдийг дурьдвал?

-Гэдсээр хүчтэй базалж өвдөх, хүндэрч чадахгүй байх шулуун гэдэснээс цустай агууламж доошоо гарах зэргээр илэрнэ.

-Гэдэсний түгжрэл болсон хүүхдүүд хэр хүнд байдалтай ирдэг вэ?

-Ер нь бол их зовиуртай ирнэ. Дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрч бие нь их зовиурласан байдаг.

-ГЭДЭСНИЙ ТҮГЖРЭЛИЙН МЭС АЖИЛБАР НЬ
НИЛЭЭД ӨВДӨЛТТЭЙ-

-Мэс ажилбарын үеэр хүүхдүүдийн гэдэснээс ихэвчлэн хэдий хэмжээний самрын яс гардаг вэ?

-Ерөнхийдөө нилээд их хэмжээгээр идсэнээс болоод ийм байдалд хүрч байгаа юм. Жишээ нь, 2-3 атга юм уу эсвэл нэг аяганы хэмжээтэй самар гардаг. Тэгэхээр тухайн хүүхэд нилээд их хэмжээгээр идсэн гэсэн үг.

-Гэдэсний түгжрэлийн үед хийдэг мэс ажилбар нь хэдий хугацаанд үргэлжилдэг вэ. Хүнд хагалгаанд тооцогддог уу?

-Хамгийн гол нь тус хагалгаа нь норкозтой буюу унтуулж хийдэг хагалгаа байгаа. Тэгэхээр нилээн өвдөлттэй мэс ажилбар гэсэн үг. Гэхдээ хугацааны хувьд урт биш, 10-15 минутын хооронд үргэлжилдэг. Мөн мэс ажилбарын дараа 5-6 хоног халдварын эсрэг эмчилгээ цус тогтоох эмчилгээ зэрэг эмийн эмчилгээнүүд хийгддэг.

-Мэс ажилбар амжилттай болсон ч ирээдүйд ямар нэг хор нөлөө үлдэх үү?

-Ерөнхийдөө цэвэрлэгээ, ажилбарыг сайн хийчихсэн байхад цаашдаа сөрөг нөлөө үзүүлэх нь гайгүй. Бүрэн эдгэчихнэ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ идэж, ууж байгаа зүйлд маш хянамгай хандаж байх хэрэгтэй. Хүүхдүүд самрыг өөрөө цөмж чаддаггүй учраас томчуудыг дуурайж байгаад ястай нь идчихээд байгаа юм. Үүнээс болоод мэс ажилбарт орох нь хүүхдэд мэдээж зовиуртай шүү дээ. Гэдэс дотор нь шархлаа үүснэ, норкозонд орно гэдэг нь тодорхой хэмжээгээр хүүхдэд цаашдын эрсдэл өгч байна л гэсэн үг. Тэгэхээр зөвхөн идэж уух зүйлсээс болж хүүхдийг мэс ажилбар хийлгэх хэмжээнд хүргэж болохгүй.

-Ер нь самрын их ургалтын жилүүдэд дээрх тохиолдлоос гадна халдварт өвчин нэмэгддэг гэж  сонссон?

-Ерөнхийдөө тийм. Самрыг түүж, бэлтгэх, борлуулах явцын эрүүл ахуйн шаардлага, ариун цэвэртэй холбоотойгоор гэдэсний халдвар дамжихыг үгүйсгэхгүй. Гэхдээ самрыг зөв хэрэглэвэл хүний биед сайн. Учир нь самранд тархинд хэрэгтэй витаминууд агуулагддаг гэж үздэг. Тиймээс уураг тархины хөгжил, үйл ажиллагаанд маш сайн. Гол нь зөв хэрэглэх хэрэгтэй.

Рентгенд харсан болон мэс ажилбарын дараах зураг

 -МАНАЙ ТӨВД 15 ШИРХЭГ СОРОНЗ ЗАЛГИСАН ХҮҮХЭД
МЭС АЖИЛБАР ХИЙЛГЭСЭН-

-Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг амталж таньдаг учраас зөвхөн самар биш өөр зүйлс залгиж танай төвд ханддаг уу?

-Соронзон тоглоомууд бас их аюултай. Хүүхдүүд тоглож байгаад залгих тохиолдол их. Дугуй соронзонгууд нь ердийн соронзонгоос 30-40 дахин татах хүчтэй байдаг. Тэгэхээр гэдсэнд орохоороо тэдгээр соронз нь гэдсүүдийг хамж наалдуулан, цоолж, маш их хүндрэл өгдөг учраас мэс ажилбараар авдаг. Манай төвд хандсан нэг хүүхэд 15 соронз залгисан байсан. Тухайн соронзуудыг хагалгааны дараа аваад харахад гэдсэнд байсны улмаас өнгө нь хувирчихсан байсан. Тэгэхээр хүүхдийн тоглоомонд их анхаарах хэрэгтэй.

-Өөр ямар эд зүйл залгисан хүүхдүүд мэс ажилбарт орохоор ирдэг вэ?

-Цагийн, жингийн, удирдлаганы товчин зайнууд их аюултай. Тэдгээрийг залгиад уушгинд нь орчихсон хүүхэд ирж байсан. Бас хүүхдүүд зүүг их залгидаг. Мөн нэг хүүхэд чулуу залгиад уушгинд нь орчихсон байсныг мэс ажилбараар авч байсан. Хүүхдүүд их гэнэн шүү дээ. Тэрийг залгиад өвдчихнө гэж өөрөө мэдэхгүй. Тийм учраас эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал гэдгийг анхааруулмаар байна.

Х.Үүрийнтуяа