Тасманийн эрэг дээр амьд үлдсэн 108 халимыг далайд нь тавьжээ

Тасманийн эрэг дээр амьд үлдсэн 108 халимыг далайд нь тавьжээ

Өнгөрсөн 7 хоногт Тасманийн баруун эрэг дээр 350 орчим халим үхсэн нь Австралийн түүхэнд хамгийн олон халим үхсэн хэрэг явдал болсон юм. Тэгвэл өчигдөр тэнгисийн мэргэжилтнүүд усанд боогдон амьд үлдсэн 108 халимыг Маккуари боомтоор далайд эргүүлэн тавьсан тухайгаа мэдээллээ.

Тасманийн Тэнгисийг хамгаалах хөтөлбөрийн зэрлэг ан амьтдын биологич, доктор Крис Карлион болон аврах багийнхан таван өдрийн турш шаргуу ажилласны эцэст тус үр дүнд хүрчээ. Учир нь тэд усанд боогдсон халимнуудаас нэг шөнийн дотор ганц л халимыг барьж чаддаг бөгөөд харин энэ удаа 20 халим барьж, сулласан нь том амжилт юм байна.

Харин одоо 350 орчим үхсэн халимны сэг зэмийг устгахад анхаарч эхлээд байгаа аж. Эхлээд туршилтын зорилгоор 15 халимны сэг зэмийг далайд булж, туршилт хийсэн байна. Сэг зэмийг цэвэрлэх энэхүү ажил хэд хоног үргэлжлэх бөгөөд салхи, түрлэг болон бусад нөхцөл байдлаас хамаарна гэж Засгийн газрын мэдэгдэлд дурьджээ.

Халимнууд ийнхүү хуурай газарт гарч ирж, үхсэн шалтгаан одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа ч хэд хэдэн таамаг байдаг аж. Тухайлбал, зарим амьтан судлаачид халимнууд сүргээрээ загас агнаж байгаад толгойлогч халимны алдаанаас болж гүехэн усанд гацдаг хэмээн үздэг бол зарим байгаль хамгаалагчид халимнуудын ийнхүү олноороо үхсэн шалтгааныг усны бохирдол, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарладаг юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

32 минутын өмнө