ОХУ-аас БНХАУ-руу импортоор орж ирсэн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрчээ

ОХУ-аас БНХАУ-руу импортоор орж ирсэн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрчээ

Хятадын Чанчунь хотод ОХУ-аас оруулж ирсэн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Уг вирус агуулсан далайн бүтээгдэхүүний савлагааг ердийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн бөгөөд Хятадын Орон нутгийн өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв ч үүнийг баталжээ. Улмаар тус далайн бүтээгдэхүүнтэй харьцсан хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдсон байна.

Мөн тус хөлдөөсөн хүнсний арав орчим кг нь Фуюи хотод очсон байна. Иймээс тус хотод уг вирус агуулсан хөлдөөсөн хүнсийг зөөсөн иргэдийг яаралтай шинжилгээнд оруулахыг анхааруулжээ.

Далайн хүнснээс коронавирус импортлогдон орж, ирсэн тохиолдол өмнө нь гарч байсан. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Латин Америкийн Эквадор улсаас БНХАУ-д импортлогдон ирсэн  сам хорхойноос коронавирус илэрч байсан юм.

Эх сурвалж: Lenta, Rbc