Монгол сурагч мэдээлэл зүйн олон улсын олимпиадийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Монгол сурагч мэдээлэл зүйн олон улсын олимпиадийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Сингапур улсад энэ сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиадад манай улсаас Сант сургуулийн сурагч А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медал хүртлээ.

Энэ нь тус олимпиадаас хүртсэн манай улсын анхны алтан медал гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. А.Нямдаваа нь мөн 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас улсынхаа анхны мөнгөн медалийг авч байжээ.

Энэ жилийн олимпиадад мөн "Сант" сургуулийн сурагч Ш.Билгүүдэй, "Эрхэт эрдэм" сургуулийн сурагч Б.Бадрангийх,  Б.Хангал нар өндөр чансаатай оролцсон байна.

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад манай улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд 3 хүрэл, 1 мөнгөн медальтай байсан бол энэ жил ийнхүү анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.