Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг БНХАУ-аас авахаар болжээ

Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг БНХАУ-аас авахаар болжээ

Засгийн газар энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан. 

Тэгвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг БНХАУ-аас авахаар болжээ. Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлтийг хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс мэдээллээ.

Тус мэдээлэлд "Урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлсний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлээд байна" гэх мэдээллийг өглөө.