Э.Шижир: Бид туршлагагүй байсан бол ямар ч үр дүн гарахгүй

Э.Шижир: Бид туршлагагүй байсан бол ямар ч үр дүн гарахгүй

"Уул уурхай, металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлж яваа “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар ярилцлаа.

-Монголын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Та энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд уул уурхайн салбарт бизнесийг зах зээлийн зарчмаар хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой гэж бодож байна вэ?

-Энэ салбарын бизнесийн орчныг харвал олон компани өөрсдийнхөө хариуцсан хэмжээнд сайн ажиллаж байгаа гэж хардаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага уул уурхайн салбарт ажиллана гэх байдлаар хандах явдал бий. Энэ нь зөв, буруу гэж шүүмжлэхээс илүүтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллах зарчмаар, зохистой харьцаа бий болгож ажиллавал болохгүй зүйл алга. Харин уул уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулалтын шатанд хөгжүүлэх шаардлага бий болсон. Гэтэл энэ хэсэгт ажиллах бизнесийн болоод эрх зүйн орчныг сайжруулах асуудал тулгамдаж байгаа юм. Тухайлбал, АМНАТ-тай холбоотой зохицуулалт тодорхойгүй. Бүр тодруулбал, ашигт малтмалын нөөцийг ашиглана гэдэг маань газрын гүнээс ухаж гаргаад өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс татвар авах юмуу эсвэл боловсруулалт хийсний дараа авах уу гэдэг тодорхойгүй. Мөн түүхий бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлаас АМНАТ авах нь зөв шийдвэр үү гэх мэтээр асуудлуудыг хөндөж ярих хэрэгтэй болж байна.

Одоогийн байгаа зохицуулалт бол ашигт малтмалаас хамаараад өөр, өөр байдлаар үйлчилдэг. Жишээлбэл, алт бол овор багатай, өндөр үнэлгээтэй бүтээгдэхүүн. Гэтэл төмрийн хүдэр болон нүүрс их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Нэгж бүтээгдэхүүний үнэлгээ бага. Эдгээрийг тээвэрлэхэд л ялгаатай зардал гарна шүү дээ. Үүнийг тооцоолохгүйгээр жишиг үнэ буюу дэлхийн зах зээлийн үнээр тооцож АМНАТ авчихна. Энэ нь компаниудад дарамт болж ирэх нь ч бий. Магадгүй хилийн бүсэд ойролцоо үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж харьцангүй бага дарамтад орох бол алслагдсан бүсийнхэнд илүү хүндээр тусдаг л даа. Тэгэхээр энэ мэт нарийн зүйлсийг орхигдуулахгүйгээр татварын бодлогоо оновчтой гаргах хэрэгтэй юм.

Бас нэг тулгамддаг асуудал нь дагалдах элементээс АМНАТ авна гэдэг. Гэтэл энэ нь нөөцөөр бүртгэгдээгүй, эдийн засгийн үр ашиггүй байдаг юм. Жишээлбэл, төмөр 58-65 хувийн агуулгатай баяжмал бүтээгдэхүүн. Түүн дотор хөнгөн цагаан маш бага хэмжээгээр орсон байдаг. Үүнийг ялгаж авч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй. Учир нь гаргаж авсан хөнгөн цагааныг борлуулаад олох орлогоос ялгаж авах зардал нь хол давна. Харамсалтай нь хуульд үүнийг нарийн тусгаагүйгээс метал мөн гэж тооцон татвар авчихдаг. Энэ мэтчилэн зохицуулах шаардлагатай “цоорхой”-нууд байна.

-Цар тахалын нөлөөний улбаагаар улс орнуудын эдийн засаг таагүй байгаа. Үүнийг манай улс тойрсонгүй. Ирэх оны эхний хагас жил хүрэхэд эдийн засаг улам дордоно гэдгийг олон улсын байгууллагууд хэлж байна. Энэ үед монголчуудын хувьд том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэйг ч сануулж байгаа. Таны хувьд?

-Шинэ сэргэлтийн бодлогод том төслүүдийг хөдөлгөх асуудал орсон байгаа. Тэгэхээр том төслүүдийг хөдөлгөхийн тулд хувийн хэвшил болоод төрд хийх ажлууд бий. Ялангуяа дэд бүтэц, боомтын чиглэлийн суурь нийтлэг асуудлыг шийдвэрлэх ажлыг түргэвчлэх хэрэгтэй. Харин хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төслийг 100 хувь өөртөө хамаатуулж ачаа үүрэх хэрэг байсан уу. Учир нь тэдгээрээс гадна өөр хийж хэрэгжүүлэх, хөрөнгө зарцуулах шаардлагатай олон төсөл бий шүү дээ. Нэгэнт хувийн хэвшил хөрөнгө зарцуулж, тодорхой ажлууд хийсэн төслийг гацааж, зогсоох шаардлага байхгүй л гэж хардаг.

-Төр хувийн хэвшилд концессийн гэрээгээр өгсөн боловч ахиц дэвшил, хөгжил алга. Тэгэхээр өөрийнхөө өмчийг авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудал ид яригдаж байна?

-Манай компанийн хувьд дээрх төсөлтэй холбоотой ямар ажлууд хийсэн бэ гэдгийг салбар хариуцсан төр засгийн байгууллагуудад байнга мэдээлэл өгч байсан. Тэр ч бүү хэл Ерөнхий сайдаас эхлээд хамаарч болох бүхий л хүмүүс ирж танилцсан шүү дээ. Тэд хийсэн ажлын явцтай танилцаад буцахдаа гангийн үйлдвэрийг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ бүхэн протокол, тэмдэглэлээр баталгаажсан байдаг юм. Яагаад манай үйл ажиллагааг зогсоох болсон бэ гэвэл, АТГ-ын буруу үйл ажиллагаанаас болж энэ асуудал гарлаа гэж бид үзэж байгаа. Яг одоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулсан. Бид буруу шийдвэр гаргасан гэж үзээд Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байна. Мэдээж хоёр талаасаа хэлэлцэн, ярилцаж зөв шийдвэр гаргана гэж харж байна. Учир нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэт харлуулж хохиролтой байдлаар шийдэхгүй байх гэж найдаж байна.

-Магадгүй та бүхний хүлээлтээс өөр шийдвэр гарвал яах вэ?

-Энэ долоо хоногийн турш уул уурхайн салбарынхан чуулж байна. Үүнд гадны хөрөнгө оруулагчид ч оролцож байна шүү дээ. Бид эдийн засгаа сэргээх, хөрөнгө оруулалт татахаар тал бүртээ хичээж ажиллаж байгаа энэ үед хэт ташаа, гоомой шийдвэр гаргавал гадны хөрөнгө оруулагчдад харагдах өнцөг ямар байх вэ. Мэдээж хурал дээр ярилцаж байгаа асуудлаас гадна өнгөрсөн болоод ирээдүйн төлвийг харж хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргадаг учраас болгоомжтой хандах болов уу.

-“Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авах хэмжээний туршлага хуримтлуулаагүй шинэ тутам компани гэж хүмүүс харддаг. Ялангуяа уул уурхайн салбарт ажиллаж байсан түүх байхгүй гэдэг л дээ. Тэгвэл танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. Ирээдүйн зорилго?

-2010 онд уул уурхайн металлургийн төслийг хэрэгжүүлэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хөрөнгө оруулалт босгохын тулд сонгон шалгаруулалт зарласан. Бид Хятад, Солонгос, Австрали, Энэтхэг компанитай өрсөлдсөн юм шүү дээ. Манай компанийг туршлагагүй гэдэг хэдий ч бид үндэсний хөрөнгө оруулагч. “Кью Эс Си” компани төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа эрхэлдэг. Бидэнд байхгүй байгаа туршлагыг хамтрагч компаниар хийлгэдэг. Металлургийн төслийг хэрэгжүүлэхийн тулд Канадын “Хатч” гэдэг инженерингийн компанийг хамтрагчаар оруулж ирсэн. Энэ компани гангийн үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Түүнчлэн санхүүгийн зөвлөхөөр Худалдаа хөгжлийн банкийг оруулсан.

Нөгөөтэйгүүр бид үнэхээр туршлагагүй байсан бол ямар ч үр дүн гарахгүй. Гэтэл бидний хувьд хийж гүйцэтгэж, хэрэгжүүлсэн олон ажил бий. Бүр тодруулбал, дэд бүтцийн гурван том төслийг хөдөлгөсөн. Мөн уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай ажлуудыг хийлээ. Түүнээс гадна дэлхийд тэргүүлэгч “Хатч” компанитайгаа зөвлөлдөн төслөөс шууд ангижруудсан төмрийн үйлдвэрийн дизайны ажлыг хийсэн. Гол асуудал нь цахилгаан эрчим хүчний дутагдалтай байдал бидний төсөөлж байсан шиг явсангүй. Учир нь биднийг ажлаа эхлүүлэхтэй зэрэгцэн таван эрчим хүчний төсөл хэрэгжихээр байсан. Тухайлбал, Багануур, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц амжилттай хэрэгжсэн бол төсөл тасралтгүй үргэлжлэх боломжтой байлаа. Гэтэл эрчим хүчний эх үүсвэрээс шалтгаалан гацсан зүйл бий. Үүнийг мэдсэн дариудаа төслөө тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний эх үүсвэр бага шаарддаг домен зуухны технологийн үйлдвэр барих нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан юм. Ингээд ТЭЗҮ боловсруулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан.

-“Кью Эс Си” компанийн ирээдүйн “амбиц”?

-Манай компанийн нэрийг орчуулбал, “Чанартай ган” гэсэн үг. Аж үйлдвэрлэлийн салбарт Монгол Улс илүү бүтээмжтэй, үнэ цэнийг бий болгосон салбарт өөрсдийгөө сорихыг хүсдэг. Уг нь манай компанийн гэрээ 30 жилийн хугацаатай байсан. Бид тасралтгүй ажилласан бол 2-3 жилийн дараа үйлдвэрээ бүрэн ашиглах боломжтой байлаа. Бид зөвхөн гэрээнд заасан үүргээ биелүүлээд дуусгана гэж бодож байгаагүй. Энэ төслөөс гангийн үйлдвэрлэлийн мэргэшсэн мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарах боломжтой тул “Монгол ган цогцолбор  1” гэдэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь 2, 3 гээд үргэлжлэх учиртай. Эндээс бидний ирээдүйн “амбиц” харагдах байх.

Түүнээс гадна гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж бэлдэцээ үйлдвэрлээд эхлэхээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг олж харсан. Яагаад гэвэл бэлэн бэлдэцээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид олноор бий болно. Үүний цаана үйлдвэрлэл хөгжинө, тогтвортой ажлын байр бий болно. Салбарын мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Мэдээж өрхийн орлого тогтворжино. Энэ бүхэн эцсийн дүндээ улсын маань эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах боломж.

-“Кью Эс Си” төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулалтын компани юм байна. Тэгвэл та бүхний ажиллах салбар манай улсад эхлэл төдий гэж хэлж болно. Харин АНУ-д энэ салбар түлхүү хөгжсөн бөгөөд хүмүүс энэ салбараас хэрхэн ашиг, орлого олох вэ гэдгээ маш сайн мэддэг юм билээ. Тэгэхээр шинэ тутам салбарын хөгжилд танай компани тэргүүлэх байдлаар оролцож түүчээлэх боломж бий юу?

-Хөрөнгө оруулагч компани учраас сонирхоод судалж байгаа төслүүд бий. Таны хэлсэнчлэн хөрөнгө оруулагч гэдэг нь шинэ салбар гэдэгтэй санал нийлнэ. Тэгэхээр хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бүх салбарт туршлага хуримтлуулах шаардлагагүй. Учир нь тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай компанитай хамтраад хөрөнгө оруулалтыг нь босгож төслийг хэрэгжүүлэх туршлагаа ашиглаад амжилттай, үр өгөөжтэй ажиллах нь чухал. Харин энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд “Монголчууд найдвартай” гэдэг дүр төрхийг олон улсад болоод дотооддоо ч бий болгох хэрэгтэй. Ингэснээр гадаад дотоодын олон түнштэй болно. Түүний дараагаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуудал яригдах юм.

Ер нь хөрөнгө оруулагчдад итгэл хамгийн чухал, гол шалгуур. Тиймээс найдвартай улс гэдэг итгэл төрүүлэхийн тулд хэлсэн, зорьсондоо цаг алдахгүй хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой. Манай компанийн баримталдаг гол зарчим энэ л дээ.

Манай улсын хувьд томоохон төсөл хөдөлгөх, үйлдвэрлэл явуулах хэмжээний олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц компани байхгүй гэвэл хилсдэхгүй. Мэдээж үүнийг бий болгохын тулд төрийн бодлогын дэмжлэг маш чухал. Манай компани “Монголыг Монголчууд Хөгжүүлнэ” гэдэг уриатай. Тиймдээ ч эрсдэл гаргаж, хөрөнгө зарцуулж аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Эцсийн дүндээ энэ нь ДНБ-ийг нэмэгдүүлж монголчуудын үнэлгээ, үнэлэмж амьдралын чанар сайжрахад нөлөөлөх учиртай.

-Ер нь манай улсын хувьд улс төрийн “амбиц”-иа дийлэхгүй уначих вий гэх болгоомжлол гардаг. Та үүнийг хэрхэн харж байна?

-Томоохон бүтээн байгуулалтыг гацаахгүйгээр хэрхэн ажиллах вэ гэдэг шийдэл нь тодорхой байх ёстой. Жишээлбэл, газрын тосны үйлдвэр барих асуудал урт хугацаанд яригдаж байгаа ч товлосон байршил нь байнга өөрчлөгдөж байна. Түүнээс шалтгаалан өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болсонгүй. Тэгэхээр тухайн төслийг хэрэгжүүлэх компани асар их ачаалал, хөрөнгө санхүүгийн дарамтыг үүсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн зураг төсөл хийлгэх зардлыг тооцвол нэг байршил дээр хийсэн зургаар дараагийн байршилд төслөө хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс давхар зардал гаргаж байна гэсэн үг. Үүнийг дааж гарах санхүүгийн чадамжтай компани бараг л байхгүй. Цаашилбал, анхны эрч хүчээр дараагийнх руугаа дайрна гэж бодохгүй байна. Дахиад өөрчлөгдөх вий гэсэн “айдас” салахгүй л дээ. Нэг удаа хийсэн ажлыг хоёр дахиа, гурав дахиа хийнэ гэдэг хэцүү шүү дээ.

ҮНДЭСНИЙН ШУУДАН СОНИН

2022 09 дүгээр сарын 21




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө