БАРИМТ: Х.Баттулгын хамааралтай “Дархан арьс ширний цогцолбор” нь ХБ-наас 15 тэрбумын зээл аваад, төлөөгүй тул Д.Энхбаяр, Д.Болормаа нарыг хорьжээ

БАРИМТ: Х.Баттулгын хамааралтай “Дархан арьс ширний цогцолбор” нь ХБ-наас 15 тэрбумын зээл аваад, төлөөгүй тул Д.Энхбаяр, Д.Болормаа нарыг хорьжээ

“Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярын гэр болон ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг энэ сарын 21 /2022.09.21/-ний өдөр баривчилж, цагдан хориод байгаа. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормааг ч тус хэрэгт холбогдуулж цагдан хорьжээ.

Учир нь тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна. Мөн Д.Энхбаяр, Д.Болормаа нар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс байж магадгүй гэх хардлага байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл бид үүнтэй холбоотой өөр баримтуудыг дэлгэж байна. Учир нь тэрээр Монголд мах, арьс ширний чиглэлийн томоохон бизнесүүдийг эзэмшигч нэгэн юм. 

-“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР”-ИЙН ТӨСӨЛ ЭХНЭЭСЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫНХ ТӨСӨЛ БАЙСАН УУ-

Нэгдүгээрт: “Дархан арьс ширний цогцолбор”-ийн төсөл нь анхнаасаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан төсөл байсан байж магадгүй байгаа юм. Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь 2015 онд байгуулагдаж, төслөө эхлүүлээд байжээ. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах бүтээгдэхүүн гаргах төсөл”-үүдийг тусгаж байжээ.

ВИДЕО: Х.Баттулга Ерөнхийлөгч болоод “Дархан арьс ширний цогцолбор”-ын төслийг эрчимжүүлэхийг хүсэж байжээ.

Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа УИХ-ын индэр дээрээс “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бодлогоор дэмжихийг хүссэж үг хэлж байжээ. Иймд тус төслийн ажил урагшилсан гэж хэлж болохоор байгаа юм. Мөн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаяр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь түүний "орон тооны бус зөвлөх" гэдгээрээ холбогдож байжээ.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОХИН КОМПАНИ ОХУ-ЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСНЭЭР “ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР”-Д ЗЭЭЛ ОЛГОСОН УУ-

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр хийж байжээ. 2019.09

Хоёрдугаарт: Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компани нь өөрийн сангаар дамжуулан “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д өрийн баталгаа гаргаж, 15 тэрбум төгрөг олгосон байна. Харин Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компани нь ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар дээрх төслийг санхүүжүүлсэн байж магадгүй байгаа юм.

Тодруулбал,  2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын албаны хүмүүс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

Эдгээр баримт бичгийн нэг нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр юм.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон байдаг нь дээрх хадлагыг бататгаж буй. Улмаар Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал асан Д.Болормаа нь мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн байж магадгүй байгаа юм.

-“ДАРХАН АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР” ХХК НЬ УЛСЫН ГАЗРЫГ УЛСАД НЬ БАРЬЦААНД ТАВИАД ЗЭЭЛ АВЧЭЭ-

ХБ-ны зээлийн барьцаанд 180 га газрын эзэмшиг эрх, 7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженерийн шугам сүлжээний барилгыг тавьжээ

Гуравдугаарт: Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д өрийн бичгээр зээл олгосноос гурван сарын дараа татан буугдсан байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК нь “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт хувийн ХОС ТЗК” ХХК гэх санг 2018 оны зургадугаар сарын 28 /2022.06.28/-ны өдөр үүсгэн байгуулж, сангаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 16 /2022.01.16/-ны өдөр тус сангаас “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Арьс ширний цогцолбор байгуулах төсөл”-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өрийн бичиг хэлбэрээр олгожээ.

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээх ЗГ-ын тогтоол

Харин Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29 /2022.04.29/-ний өдрийн №155 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны охин компани болох Үнэт цаасны компанийг татан буулгасан байна. Тиймээс “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн өрийн бичгийг Хөгжлийн банканд шилжжээ. Гэтэл 2021 оны наймдугаар сарын 18 /2021.08.18/-ны өдрийн 252 дугаар тогтоолоор дахин дээрх компанийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-Х.БАТТУЛГЫН ХАМААРАЛ БҮХИЙ ДАРХАНЫ АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР НЬ НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ-

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь дээрх үнэт цаасны барьцаанд 20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 180 га газар эзэмшиг эрх, 7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй инженерийн шугам сүлжээний барилгыг тавьсан байна.

Тус үнэт цаас нь 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах атал “Дархан арьс ширний цогцолбор” ХХК өнөөг хүртэл нэг ч төгрөгийн хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хийгээгүй,  нийт “өр” нь 25 тэрбум төгрөг болоод байгаа аж. Гэтэл тус компани нь өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүйгээс барахгүй төслийг үргэлжлүүлэхэд компанийн зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаагаа Хөгжлийн банканд илэрхийлсэн байна.

Эцэст нь: Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хамаарал бүхий арьс ширний цогцолборын ажлыг эрчимжүүлэхийн тулд өөрийн нөлөөллөөр төрийн байгууллагуудыг “хөдөлгөж”, улмаар Оросоос хөрөнгө оруулалт татах байдлаар Хөгжлийн банкны охин компанийн сангаар дамжуулан зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байсан байж магадгүй байна. Тиймээс ч Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн сангаар дамжуулан “Дархан арьс ширний цогцолбор”-т өрийн бичгээр 15 тэрбум төгрөг авсан “Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр, түүнийг нь олгосон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал  асан Д.Болормаа нарыг АТГ-аас  цагдан хориод буй юм.