“Сэрсэн тал-2022” уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат тэргүүллээ

“Сэрсэн тал-2022” уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат тэргүүллээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал-2022" орчин үеийн дуу дуулаачдын улсын хоёрдугаар уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж өндөрлөлөө.

Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, “Шарав” сангаас зохион байгуулж буй тус уралдааныг Соёлын яам, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Эргэх холбоо” хөгжлийн хөтөлбөр, Жаргалтхаан сумын нутгийн зөвлөл дэмжин оролцжээ.

Тус наадмын нээлтэнд УИХ-ын гишүүн, Биеийн тамир, спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэг, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Шарав сан”-гийн тэргүүн Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэг, Ш.Гаалиймаа, ардын жүжигчин А.Энхтайван, А.Бүтэд, Д.Жаргалсайхан/ Чингис хаан хамтлаг/, Г.Равдан, ардын багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, зохиолч Ж.Саруулбуян, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Б.Эрдэнэтуяа нар хүрэлцэн ирсэн юм. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараар удирдуулсан Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хөгжмийн зохиолчийн “Сэрсэн тал” уран бүтээлийг Жаргалтхааны тэнгэр дор эгшиглүүллээ. “Сэрсэн тал-2022” орчин үеийн дуу дуулаачдын хоёрдугаар уралдаанд 70 шахам уран бүтээлчид оролцсон бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Отгонбат тэргүүлсэн юм.

Харин уралдааны тусгай байрт Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин Ж.Үржинханд, гутгаар байрт Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир, Х.Мягмарсүрэн, Н.Чулуунхүү хоёрдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин Ц.Амарболд, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Л.Бүүвэйбаатар, шилдэг концермейстрээр СУИС-ийн хүндэт профессор, Дуулаачийн тэнхимийн эрхлэгч Т.Энхтуул шалгарчээ.  

“Сэрсэн тал-2022” уралдааны шүүгчээр Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нар ажилласан юм.