ВИДЕО: "Усан парк"  биш УСАН ДОТОР иргэдийн амьдрах ОРОН СУУЦ баригдаж байна

ВИДЕО: "Усан парк" биш УСАН ДОТОР иргэдийн амьдрах ОРОН СУУЦ баригдаж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард iSee.mn сайт Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газрыг “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар  мэдээлсэн.

Дээрх мэдээлэл олон нийтэд хүрч, иргэдийн шүүмжлэл өрнөж, холбогдох байгууллагуудаас шалгалт хийгдэх болоход “Эм энд Жи” констракшн компанийн зүгээс ч, усан парк барина гэж мэдэгдэж байсан.

ВИДЕО:

-“ЭМ ЭНД ЖИ” КОНСТРАКШНЫ АЖИЛ НЬ ГҮЙЦЭТ ДУУСААГҮЙ БАРИЛГЫН “ДОТОР ЗАСАЛ” ХИЙГДЭЭД ЭХЭЛЖЭЭ-

Гэтэл өдгөө орон сууцны барилгын олон өндөр карказ босож, ажил нь гүйцэт дуусаагүй энэ барилгын “дотор засал” ч хийгдээд эхэлжээ. Мөн АТГ уг барилгын ажлыг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээнэ шалгаж буй талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн боловч барилгын ажил хурдацтай үргэлжилсэн хэвээр байна.

Сонирхуулахад, Бургас нь ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой тул, барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хуулийн этгээдийг бургас, ой модыг сүйтгэхийг хуулиар хориглодог. Гэвч “Эм энд Жи” констракшн дээрх орон сууцуудыг барьж эхлэхдээ Дунд голыг дагаж ургасан бургасны тодорхой хэсгийг “хядсан” байж болзошгүй байгаа юм.

"Эм энд Жи" констракшнд олгосон Дунд гол урсдаг хэсэг газар. 2009 он болон 2022 оны харьцуулсан зураг

Энэ асуудлаар 2020 оны есдүгээр сард Нийслэлийн засаг даргын үүргийн орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм энд Жи” констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж болгох захирамж гаргасан байдаг. 

-“ЭМ ЭНД ЖИ” КОНСТРАКШН ЭЗЭМШИЛ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧИЛЖ, ТУХАЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ХУДАЛДАХААР НИЙТЭД ЗАРЛАСАН НЬ ТОГТООГДОН-

Мөн түүнчлэн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон байна. Хуулийн дагуу шалгаж эхэлсэн ч барилгын ажил нь хурдацтай явагдсаар байгаа уг барилгын хамгийн ноцтой асуудал нь усан дотор иргэдийн амьдрах орон сууцыг баригдаж буй явдал юм.

"Эм энд Жи" констракшны орон сууцны барилга баригдаж буй хэсэг 2022 оны зургадугаар сар

Тодруулбал, Усны тухай  хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд, гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасан байна. Гэвч Эм энд Жи констракшны одоо барьж буй орон сууцны хороолол нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь шалгалтаар тогтоогджээ. 

Иймд тус хуулийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна.