Дэлхийн нүүдэлчдийн соёлын фестиваль болно

Дэлхийн нүүдэлчдийн соёлын фестиваль болно

Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заасны дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулж байгаа юм байна.

Бүс нутгийн хэмжээнд “нүүдлийн” тодотголтой соёлын фестиваль, наадам 2007 оноос хойш зохион байгуулагдаж, олон улс орныг хамарч байгаа тул Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв зорилгын хүрээнд цар хүрээг нь өргөтгөн, олон улсын фестиваль хэлбэрт оруулжээ.

Фестивальд нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөө дамжин соёлын өв, өөрсдийн орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан танилцуулах юм байна. Мөн гурван өдрийн турш 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Энэ талаар Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн: “Бидний соёлын биет бус өв бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нүүдлийн соёл иргэншлийн илэрхийлэл. ЮНЕСКО-гоос соёлын биет бус өвийн илрэх гол төрөл хэлбэрийг нь 5 ай савд багтаан үздэг. Бид өөрийн үндэстний онцлогт нийцүүлэн мал маллах арга ухаан, уламжлалт арга ухаан гэсэн хоёр ай сав нэмснээр Монгол Улсад нийт 7 ай савд хамаарах 362 өв байна гэж өнөөдрийн байдлаар бүртгэн хамгаалж, өвлөн уламжлуулж байгаа юм.

362 өвийг өвлөн уламжлуулж байгаа 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид маань Горхи-Тэрэлжид хүрэлцэн ирж, соёлын өвөө өвлөн уламжлуулахаас гадна орон нутгийн онцлогоо хүрээ, отгоор өртөөлөн үзүүлж, сурталчлах юм.

Бид цаашдаа энэ наадмын цар хүрээг улам өргөжүүлэх, дэлхий нийтэд таниулж сурталчлах зорилгоор олон улсын фестиваль хэлбэрт нь улам дөхүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэсэн байдаг. Соёлын яамнаас соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотойгоор энэ жил бүсчилсэн судалгааны ажлуудыг эхлүүлсэн байгаа” гэлээ. Дашрамд дурдахад, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Улаанбаатар хотоос 50 км зайтай зохион байгуулж байгаа тул Офицеруудын ордноос энэ сарын 12-ны өдөр 1 цаг тутамд, 13-14-ний өдрүүдэд 30 минут тутамд иргэдэд нийтийн тээврээр үйлчлэх юм байна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр арга хэмжээ, бусад холбогдолтой мэдээллийг https://nomadsfestival.world/ цахим хуудаст болон албан ёсны цахим хуудаст  байршуулжээ.




Өнөөдөр үхэр өдөр

59 минутын өмнө