Эрдэнэт үйлдвэр “Орлогч захирал” гэх албан тушаалтнуудаа “Тамгын дарга” болгон өөрчилж “Өөрсдөө хэмнэ” жагсаал “Хэмнэлтийн хууль”-ийг хуурчээ

Эрдэнэт үйлдвэр “Орлогч захирал” гэх албан тушаалтнуудаа “Тамгын дарга” болгон өөрчилж “Өөрсдөө хэмнэ” жагсаал “Хэмнэлтийн хууль”-ийг хуурчээ

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс гадна дөрвөн орлогч дарга ажилладаг. Тодруулбал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер гэсэн албан тушаалд Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарын дөрвөн хүн ажилладаг.

Эдгээр дөрвөн иргэн бүгд улс төрийн тохироогоор тус албан тушаалд томилогдож, хэн нэгэн улс төрчийн ашиг сонирхлыг төлөөлж байж болзошгүй.

-“АЖЛАА ХИЙ, ӨӨРСДӨӨ ХЭМНЭ” ЖАГСААЛААС ҮҮДЭН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ БАТЛАГДАВ-

Тэгвэл үнэ, валютын ханшийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн “Ажлаа хий. Өөрсдөө хэмнэ” жагсаал өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д болсон. Иймд Засгийн газраас санаачилж “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг батлуулсан. Тус хууль гарснаар “улсын үргүй зардлыг хэмнэхийн тулд” төрийн өмчит компани болон үйлдвэрийн газруудыг дэд захирал, орлогч даргатай байхыг хориглосон.

Иймд “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн дөрвөн орлогч чөлөөлөгдөж, ажилгүй болж, улсын мөнгө хэмнэгдэх ёстой.

Гэтэл Т.Батмөнх, Д.Үүрийнтуяа, П.Энхбат нарын дөрвөн хүний Эрдэнэт үйлдвэр дахь албан тушаалыг хадгалахын тулд “Орлогч захирал” гэсэн албан тушаалтнуудаа “Тамгын газрын дарга” болгон өөрчилж, “Ажлаа хий. Өөрсдөө хэмнэ” жагсаалаас гарсан “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг хуурч, аргалжээ.

Тодруулбал, энэ долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шийдвэр гаргаж, Т.Батмөнхийг тус үйлдвэрийн Ерөнхий инженерт, Д.Үүрийнтуяаг Санхүү, эдийн засаг хариуцсанТамгын газрын даргаар, П.Энхбатыг Хөгжлийн асуудал хариуцсан Тамгын газрын даргаар тус тус томилжээ. Товчхондоо, ихэнх төрийн байгууллагуудад нэг л үйл ажиллагааг нь хариуцлсан "Тамгын газар" байдаг бол Эрдэнэт үйлдвэр гурван Тамгын газартай болжээ.