СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Модны хөвөн наранд халсны улмаас хүүхдийн паркад гал гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Модны хөвөн наранд халсны улмаас хүүхдийн паркад гал гарчээ

Модны хөвөн наранд хэт халсны улмаас шатаж, Жаргалант паркад гал гарсныг хугацаа алдалгүй унтраажээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн “Жаргалант” хүүхдийн паркийн 1.5 га орчим талбайд гал гарч байсныг унтрааж ажилласан. Дуудлага энэ сарын 22-ны өдрийн 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2.4 км замыг туулан очиход 1.5 га орчим талбай шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Ойрын өдрүүдэд модны хөвөн ихээр унаж, халуун нар гарч байгаатай холбогдуулан модны хөвөн наранд халж гал гарах аюултай байгааг аймгийн Хот тохижилт ОНӨҮГ-аас санууллаа. Тус газрынхан өөрсдийн боломжоор модыг бороожуулж услах, паркийн навч хөвөнг цэвэрлэх, ээлж гарган паркийг эргэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаагаа мөн мэдээлэв. Иймд ард иргэдийг орон гэрийнхээ ойр орчмын модны хөвөнг цэвэрлэх, норгож аюулгүйжүүлэх, татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, анхаарал болгоомжтой байхыг уриаллаа.