Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг уг олдворыг малтан судалж байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл өчигдөр Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор аж. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байна.

Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө