“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” олон улсын бага хурал эхэллээ

“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” олон улсын бага хурал эхэллээ

Зүүн хойд Ази (ЗХА)-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-ийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд 2014-2019 онд олон улсын бага хурал 6 удаа амжилтай зохион байгуулсан. КОВИД-19 цар тахлын улмаас 2020, 2021 онд хойшлуулсан ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал энэ сарын 23-24-нийг дуустал үргэлжилнэ.

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд манай улсын зохион байгуулж ирсэн энэхүү бага хурал нь ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцдог яриа хэлэлцээний нээлттэй механизм болоод байна.

Энэ удаагийн бага хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагуудын нийт 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцоно.