“Дарханы төмөрлөг”-ийг төрд авахыг дэмжиж, жагсаалд оролцож байсан иргэд үйлдвэрийн удирдах албан тушаалд томилогджээ

“Дарханы төмөрлөг”-ийг төрд авахыг дэмжиж, жагсаалд оролцож байсан иргэд үйлдвэрийн удирдах албан тушаалд томилогджээ

Хувийн хэвшлийн ажлыг төр булааж авахын муу жишээг “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн сүүлийн үеийн үйл ажиллагаа тод харуулж байна. Үр дүнд нь цементийн олдоц дундарч, үнэ нь өссөн горыг бид хамтдаа үүрч эдийн засгийг тэр чигт нь савлуулах эрсдэлтэйг ч мэдэрч байгаа юм. Яг энэ муу жишээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т давтагдаж, тэнд нөхцөл байдал хүндэрч эхэлжээ.

-ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОЖ ЭХЭЛЖЭЭ-

Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч  Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эс Си” компанийн гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу тус үйлдвэрт Засгийн газраас томилсон А.Ариунболд тэргүүтэй дарга нар одоогоор ажиллаж байгаа юм. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчидтай уулзаж, “Цалин хангамжийг бууруулахгүй. Халж, солихгүй” гэж мэдэгдэж байв. Гэтэл өнөөдөр тус үйлдвэрт бүх зүйл Сангийн сайдын ярьсаны эсрэг явж байгаа аж.

Тодруулбал, үйлдвэрийн ажилчдын удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас чөлөөлсөн, цалинг бууруулсан, төлөвлөгөө тасарч орлого багассан байдалтай байна. Энэ хэвээр байвал ирэх долдугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаалгаа барихад хүрч магадгүй байгаа гэв. Тэгвэл “Дарханы төмөрлөгийн” үйлдвэрийг төрд авах шийдвэрийг дэмжиж, идэвх гарган гүйж, хувийн хэвшлийг эсэргүүцэх жагсаалд голлон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тус үйлдвэрт өндөр албан тушаалд томилогдож эхэлжээ.

Тухайлбал, нойтон баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан Б.Золзаяа гэх залуу Төмөртэйн уурхайн даргаар томилогдсон байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын найз гэдэг аж. Мөн жагсаал зохион байгуулах үйл ажиллагаанд манлайлж байсан Г.Хишигбаяр гэх залуу тус үйлдвэрт Уул, уурхайн хэлтсийн даргаар томилогджээ. Дээрхээс гадна Сангийн сайд Б.Жавхлан, Дарханы засаг дарга Б.Азжаргал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын танилууд тус үйлдвэрт ажиллах болсон гэдгийг ч эх сурвалж хэлж байна.

Энэ хоёр бол улс төрийн зорилготой нэг талын эрх ашгийг хамгаалах зохион байгуулалтай ажилд оролцсоны  шагналаа авдаг тогтсон жишгүүдийн нэг энэ юм. Ерөөс энэ мэт жижиг эрх ашгийн цаана  1500 хүнийг ажилтай, орлогтой байлгадаг тус үйлдвэр дампуурах эрсдэлд тулж, улсын авдаг олон тэрбумын татвар тасалдаж, уул, уурхайн металлургийн цогцолбор байгуулах амбиц унаж, эдийн засгийн хөдөлгөгч нэг тулгуур доголдох болжээ. "Кью Эс Си" компанийн хувьд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэсэн бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ч сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдсэн.