Л.Наранбаатар "тэсэлгээ хийлгэх" гэрээг тендер зарлахгүйгээр  "МН Жойн", "Монмаг" ХХК-тай байгуулжээ

Л.Наранбаатар "тэсэлгээ хийлгэх" гэрээг тендер зарлахгүйгээр "МН Жойн", "Монмаг" ХХК-тай байгуулжээ

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "МН Жойн" ХХК-тай "ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй" уулын тэсэлгээний гэрээнд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ  уншина уу/

Тэгвэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар дээрх гэрээг байгуулснаас 7 хоногийн дараа "Монмаг" ХХК-тай мөн л тендер, сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулжээ.

Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК  "Монмаг" ХХК-тай 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Хөтөл-1, Хөтөл-2 орд дээ сар бүр уулын цул тэслэх ажил хийж гүйцэтгэх" гэрээг ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендер зарлахгүй шууд байгуулсан байна. Уг гэрээний дагуу “Монмаг” ХХК хэдийнээ ажилдаа ороод байгаа аж.

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр нь төрийн өмчид шилжсэн. Энэ ч утгаараа "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай" хуулийг дагаж мөрдөх учиртай. Тус хуульд өндөр өртөгтэй бараа үйлчилгээ авах бол сонгон шалгаруулалт, тендер зарлаж, тодорхой мэдээлнэ гэдгийг тодорхой заасан байдаг. /Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу/.

“Цемент шохой" үйлдвэрийг саяхан төрийн өмчид авсан учир тус байгууллагад Засгийн газраас ямар нэгэн давуу эрх олгож, шууд гэрээлэх боломжийг олгосон эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад “Засгийн газраас Хөтөлийн цемент шохой үйлдвэрт ямар нэгэн давуу эрх олгосон зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой” гэх хариултыг өгсөн юм.

Гэтэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь байгууллагуудтай шууд гэрээ хийж, бусдад давуу байдал бий болгож байж болзошгүй байгаа юм. Ийн өгүүлэхийн учир нь өмнө мэдээлж байсан "МН Жойн" ХХК-ний захирал Ч.Алтанбагана нь Л.Наранбаатартай найз нөхдийн холбоотой байж магадгүй байгаа бол, "Монмаг" ХХК ч мөн түүнтэй хамааралтай байж болзошгүй байна.

Үүнээс гадна бас нэгэн анхаарал татаж буй зүйл нь “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын хийсэн дээрх гэрээнүүд нь "Хөтөл-1, Хөтөл-2 орд дээр уулын цул тэслэх ажил хийж гүйцэтгэх" ажил. Долоо хоногийн зайтай хийсэн дээрх гэрээний талаар "МН Жойн" ХХК-ний захирал Ч.Алтанбагана “Манай компани “Цемент шохой” ТӨХК-тай гэрээ байгуулсан ч ажлаа хийж эхлээгүй байгаа. Харин "Монмаг" ХХК уулын тэсэлгээний ажлаа хийж эхэлсэн. Тиймээс манай байгууллага гэрээ цуцалж магадгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Үүнээс үзэхэд Л.Наранбаатар захирал дээрх газруудтай давхар гэрээлсэн байж ч болзошгүй байна.

Тэгвэл Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-тай уулын цул тэслэх ажил гүйцэтгэхээр гэрээлээд буй “Монмаг” ХХК-ийг ОХУ-ын иргэн Старшнов Александр Васильевич, Жижиг Жамъян нарын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд тэд эцсийн өмчлөгчөөр бүртгэгджээ. Харин гүйцэтгэх захирлаар Зургаанжингийн Баатаржаргал гэх хүн ажилладаг аж.