Б.Дэлгэрбаяр: Ялалтын баярт хувь уран бүтээлч талаасаа оролцсон. Оросын ард түмэн үнэхээр сайхнаар хүлээж авсан /ВИДЕО/

Б.Дэлгэрбаяр: Ялалтын баярт хувь уран бүтээлч талаасаа оролцсон. Оросын ард түмэн үнэхээр сайхнаар хүлээж авсан /ВИДЕО/

Дуучин, СТА Б.Дэлгэрбаяр  ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын 11 дэх уралдаанд амжилттай оролцож, гранпри шагнал хүртэн өчигдөр эх орондоо ирсэн билээ.

ВИДЕО:

Тэрбээр тус наадам оролцохынхоо өмнө ОХУ-д Ялалтын баярын арга хэмжээнд оролцсон. Харин үүнийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан юм. Тэгвэл бид дуучин Б.Дэлгэрбаяртай Олон улсын дуулаачдын наадмаас гранпри хүртсэн болоод Ялалтын баярын арга хэмжээнд оролцсон талаар нь ярилцлаа.

-ЧИНГИС ХААН ДУУРИЙН ВАН ХАНЫ АРИГ УРАЛДААНЫ КОМИССЫНХОН ӨНДӨРӨӨР ҮНЭЛСЭН-

-Нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын 11 дэх уралдаанд амжилттай оролцож гранпри шагнал хүртсэнд нь юуны түрүүнд баяр хүргэе. Та манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн болон дуулаачдын 11 дэх удаагийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр буюу гран при шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ уралдаанд өмнө нь Беларусь, Франц, АНУ, Изирали, Ирланд зэрэг орны дуучид Гра при шагналыг хүртэж байсан юм билээ. Уг улс орны тоонд Монгол Улсын нэр бичигдэж байгаад баяртай байна.

-Та тус наадамд ямар, ямар уран бүтээлээр оролцов?

-Дуурийн ари, романс, ардын дууны уран бүтээлүүдээрээ оролцсон. Үүнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шаравын хөгжим Чингис хаан дуурийн Ван ханы Ариг уралдааны комиссынхон өндөрөөр үнэлсэн.  Тиймээс ч гала тоглолтод Ван хааны ариг дуулуулах хүсэлт тавьж, энэ дагуу дуугаа дуулсан. 

-Таныг энэ удаагийн уралдааныг хааж дуулсан гэж байсан. Энэ талаар яриач?

-Тийм ээ. Би дууны төрөлд Оросын алдарт дуу болох “Амьдрал аа би чамд хайртай” дууг дуулсан юм. Энэ дууг И.Дунаевскийн нэрэмжит уралдаанийг хааж, Оросын алдарт СССР-ын Ардын жүжигчин Иосиф Кобзон дуучин дуулдаг байсан юм билээ. Тэгээд намайг энэ удаагийн наадамд дуулсан болохоор хувь ерөөлтэй зүйл боллоо гээд хаалтын дууг дуулуулахыг хүссэн юм. Ингээд “Амьдрал аа би чамд хайртай” дуугаар И.Дунаевскийн нэрэмжит 11 дэхь удаагийн уралдаанийг хааж дуулсан.

-Цэргийн дууны төрөлд таны өмссөн хувцас "Шилдэг хувцас" номинацад тэргүүн байранд шалгарсан байсан. Энэ талаар тодруулаач?

-Тийм ээ. Би цэргийн дууны төрөлд дуулахдаа Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ ТӨҮГ”-ын урлаж өгсөн хувцсыг өмссөн. Энэхүү хувцас маань "Шилдэг хувцас" номинацад тэргүүн байранд шалгарсанд мөн баяртай байна.

-И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн болон дуулаачдын наадамд оролцох саналыг анх хэн танд тавьж байв. Ямар нэгэн шалгуур байсан уу?

-Монгол дах Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу РЦНК дарга Амгаланбазархандаев, мөн Цэцэгдэлгэр гээд эгч маань намайг ийшээ яваач ээ оролцооч ээ. Ийм уралдаан болох гэж байна гэх мэдээллийг надад өгсөн. Тэрний дагуу очиж оролцоод ийм сайхан амжилт үзүүлж, өөртөө ийм шинэ түүх бичсэндээ маш их баяртай байна. Энэ ташрамд хэлэхэд Оросын соёл шинжлэх ухааны төвийн хамт олондоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Москвад соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд үнэхээр их тусалж дэмжсэн.

-Та анх энэ урлагт хөл тавьсан түүхээсээ бидэнд хуваалцаач?

-Би 2011 онд Хөгжим бүжгийн коллежийг төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийнхаа удирдлага доор суралцаж төгссөн. Энэхүү шагналыг хүртсэнд багш минь тэнгэрээс хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

-ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ АВСАН-

-Уучлаарай таныг тус наадамд оролцож амжилт гаргахын зэрэгцээ Ялалтын баярын арга хэмжээнд оролцсон нь олны анхаарлыг татсан. Ялалтын баярт ямар шугамаар оролцоод ирсэн бол?  

-Тийм ээ, би Ялалтын баярын арга хэмжээнд оролцсон нь үнэн. Гэхдээ уг арга хэмжээнд оролцох боломж хоёр жилийн өмнө надад тохиосон юм. Энэ шугамаараа л оролцоод ирсэн.

-Боломж тохиосон гэдгийг жаахан тодруулж болох уу. ОХУ, Украины асуудал нэлээд хурцадмал байгаа энэ үед Ялалтын баярт оролцсон нь дайныг дэмжсэн хэрэг гэж харах хүмүүс нэлээд байсан?  

-Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох уран бүтээлчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Ингээд дэлхийн өнцөг булан бүрээс сонгон шалгаруулалтын материал хүлээж авсны дүнд миний илгээсэн уран бүтээл тэнцэж, уг ялалтын баярын арга хэмжээнд оролцох эрхээ авсан. Гэвч ковидын улмаас хоёр жил хойшлоод байсан Ялалтын баяр энэ жил зохион байгуулагдаж би оролцсон юм. Би дээр хэлсэнчлэн хувь уран бүтээлч талаасаа бүтээлээ явуулж, шалгараад л Ялалтын баярт оролцсон. Оросын ард түмэн үнэхээр сайхнаар хүлээж авсан.

-Ялалтын баярт ямар дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлэв?

-Ялалтын баярын тоглолтод “Ялалтын өдөр” дууг дуулж, Ялалтын баярыг хаасан.