Орос өөрийн хилийн боомтод Хятад руу чиглэсэн НАРИЙН ЦАРИГИЙН төмөр зам барьж, ашиглалтад оруулжээ

Орос өөрийн хилийн боомтод Хятад руу чиглэсэн НАРИЙН ЦАРИГИЙН төмөр зам барьж, ашиглалтад оруулжээ

Төмөр замын нарийн царигийг 1937 оноос хойш дэлхийн буюу олон улсын стандарт гэж нэрлэх болсон. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн энэхүү стандартыг мөрддөг бөгөөд дэлхийн нийт төмөр замын 63 хувь уг стандартаар баригдсан байдаг.

Гол давуу тал нь ашиглалтын зардал хамгийн бага, бусад стандарттай харьцуулахад эвдрэл багатай байдаг аж. Харин ОХУ бүдүүн царигийг стандартаа болгосон. Тээж байгаа орлогынхоо 60 хувьтай тэнцэх зардал гаргадаг өргөн цариг олон талаараа нарийн замаас сул талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Дэлхий даяар төмөр зам барих ажил өрнөх үед царигийн сонголт колоничлолтой нягт холбоотой байсан бөгөөд мэдээж колоничлогч улс колони орондоо царигаа нэвтрүүлж байсан түүхтэй. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Зам тээвэр, хөгжлийн сайд байхдаа урагшаа баригдах төмөр замыг бүдүүн царигтай байх хэрэгтэй. Эс тэгвээс хятадын танкууд орж ирэх магадлалтай гэх утгатай нэвтрүүлэг хийн тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хатуу шүүмжлүүлж байсан удаатай.

Тэгвэл ОХУ, Хятад руу чиглэсэн нарийн царигтай төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан талаар ТАСС, Риановости агентлагууд мэдээлжээ. Тодруулбал, ОХУ-ын Еврейн Автономит Бүгд найрамдах улсын нутаг, Нижеленинское-Тунжиан боомт хотод Амур мөрний дээгүүр ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын гүүр өчигдөр/2022.04.27/ бүрэн  ашиглалтад орсон байна. Төслийг ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан Орос-Хятадын сан (ЦИК), "Оросын төмөр зам" ХК-иуд хэрэгжүүлсэн аж. Нийт өртөг нь 10 тэрбум рубль. Хачирхалтай нь 2.2 км урттай тус гүүрэн дээр 1524, 1435 мм-ийн хоёр өөр стандарт бүхий төмөр замын релсийг нэгэн зэрэг тавьсан байна.

Өөрөөр хэлбэл, олон жилийн туршид манай улсын нутагт дэвсгэрт нарийн буюу 1435 мм-ийн царигийн төмөр замыг бариулахгүй гэж байсан компани өөрийн улсын хилийн боомтод нарийн царигтай төмөр замыг барьж, ашиглалтад оруулжээ.

Эдийн засагч Н.Энхбаяр мөн энэ талаар өөрийн цахим хуудастаа Одоогоос 12 жилийн өмнө "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ыг боловсруулж баталсан, хэлэлцүүлсэн, хэлэлцэн дэмжиж баталсан улс төрчид, УИХ-ын гишүүдээс асуумаар байна. Энэ баталсан бодлогын 4.1 болон 4.2 заалтууд амьдрал дээр батлагдав уу. Цаашид бид яах вэ. ОХУ өөрийн хилийн боомтын бүс нутагт нарийн цагийн төмөр замыг барьж ашиглалтад оруулжээ. Тэдний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл байсан бол тэд ийм төмөр замыг барихгүй гэдэг нь тодорхой” гэсэн байна. 

Төмөр замын гүүр баригдсанаар ОХУ-Хятадын галт тэрэгний зүтгүүр, вагон чөлөөтэй зорчиж, ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх боломжтой болох аж.  Бүтээн байгуулалтыг дуусгах ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев оролцсон бөгөөд тэрбээр “БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа найрсаг бус орнуудын шинэ сорилтуудын нөхцөлд манай хоёр орныг холбосон анхны төмөр замын уг гарц нь экспортын шинэ замын гол холбоос болж, Алс Дорнодод шинэ үйлдвэр, ложистикийн төвүүдийг бий болгох хөшүүрэг болно" гэжээ. 

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү.