Хохирсноо мэдэхгүй “хохирогчид”-той нээлттэй шүүхийн товч тэмдэглэл

Хохирсноо мэдэхгүй “хохирогчид”-той нээлттэй шүүхийн товч тэмдэглэл

Оюу толгойн далд уурхайн хоёр дахь  шатны санхүүжилтийг шийдсэн Дубайн төлөвлөгөөтэй холбогдуулж дөрвөн ч хүнийг торны цаана суулгах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаад удаагүй байна.

Нээлттэй шүүх хуралд хоёр өдөр дарааллан суусан тэмдэглэлээсээ хэсэгчилж тоймлон хүргэе. Шүүх хуралд хохирогч талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нар оролцсон юм. Энэ хоёр эрхэм Засгийн газрыг төлөөлөн хохирогч болж шүүх хуралд оролцсон. Шүүх хурал болсон өдрүүдэд тэд төрийн нарийн бичгийн даргын албаа өгөөгүй байсныг онцолъё.

Дубайн гэгдэх Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний  эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөг яривал багагүй тоо, баримт дурдах хэрэгтэй болох учраас цухас дурдаад орхиё. Энэ төлөвлөгөөг баталсны дараа Монгол улсад жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой болж, Оюу толгойн нийт баялгийн 80 хувь нь агуулагдаж буй  гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдэрсэн юм. Бүтээн байгуулалт нь дуусч гүний уурхай ашиглалтад орвол Монгол улсын Оюу толгойгоос хүртэх өгөөж огцом нэмэгдэнэ  гэж эдийн засагчид онцолдог. 

Ингээд элдвийг нуршилгүйгээр өнгөрсөн сард болж өнгөрсөн анхан шатны шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж хохирогч гэсэн тодотголтойгоор оролцсон Г.Билгүүн шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон шүүгдэгчдийн асуултад ямар хариу өгснийг тоймлон хүргэе. Асуулт хариулт эхлэхийн өмнө яллагч талаас шүүгчдэгчдийг асуулт тавих эрхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн ч шүүгч яллагч талын саналыг хүлээж аваагүй юм. Ийнхүү Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ариунсан, Д.Бадрал нар асуулт тавих эрхтэй болсон. Өмгөөлөгчид болон шүүгдэгчдийн асуусан асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга (Одоо уг албыг хашихаа больсон) Г.Билгүүний өгсөн хариултыг уншигчдадаа хүргэе. Нээлттэй хуралдааны танхимд өрнөсөн асуулт хариултыг үг үсэгчлэн протоколдоогүй, утга агуулгаар нь тоймлон хүргэж байгаа гэдгээ ахин онцольё.

Засгийг төлөөлсөн хохирогч өмгөөлөгчдийн асуултад юу гэж хариулав?

-Б.Бямбасайханы өмгөөлөгч Цогт байна. УИХ хоёр удаагийн тогтоолоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт үүрэг болгосон байдаг, Оюу толгойн гацсан санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийд гэж. Энэ үүргийн дагуу ажлын хэсэг байгуулаад явсан байдаг. Тухайн үеийн Засгийн газрын үйл ажиллагааг өнөөдрийн Засгийн газар үргэлжлүүлээд аваад явж байгаа. Гэтэл Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө өөрөө хохирогч болчихоод, өөрөө зөрчигч болчихоод яваа нь ямар учиртай юм бол?

Г.Билгүүн: УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ зөв, буруу хэрэгжүүлж үү гэдэгт л асуудал бий. 

-Хохирогчийн хувьд буруу хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

Г.Билгүүн: Тийм. 

-Яг яаж буруу хэрэгжүүлсэн талаар нь тодорхой тайлбар хэлээч?

Г.Билгүүн: Яллах дүгнэлтэн дээр тодорхой байгаа шүү дээ. Өчнөөн л сонссон зүйл. Бүгдийг нь ахиад сонсмоор байгаа юм уу?

-Яг яаж буруу хохирсныг нь сонсмоор байна.

Г.Билгүүн: Татварт ногдох орлогыг тэгж ингэж бууруулсан гээд бичсэн байгаа шүү дээ. 

-Татварт ногдох орлогыг бууруулсан гэж үзэж байгаа юм байна тийм үү?

Г.Билгүүн: Тийм.

-Хохирол гэдэг хэсэг дээр 87.9 тэрбум төгрөг, хор уршиг гэдэг дээр 3 их наяд 702 тэрбум 65 сая төгрөг гээд биччихсэн байгаа юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө байгуулсантай холбоотойгоор 87 тэрбум төгрөгийн хохирол яг яаж учрав гэдгийг тайлбарлаж өгнө үү?

Г.Билгүүн: Энэ асуултад Сангийн яамны төлөөлөл хариулах байх. 

-Өнөөдөр буруутгаж буй зүйлийн тухайд Засгийн газар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл тараагаагүй, Засгийн газрын салбар агентлагуудыг оролцуулаагүй гэж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлыг ямар албан тушаалтан хариуцдаг вэ?

Г.Билгүүн: Засгийн газрын хэрэг эрхлэх газар.

-Шүүгдэгчид дунд ЗГХЭГ-т ажиллаж явсан хүн байхгүй бол буруутахгүй гэж ойлголоо, зөв үү?

Г.Билгүүн: (Яллагч талаас эсэргүүцсэн санал гарсан учраас хариулсангүй)

-Хохирогчийн хувиар татварын болон хууль зүйн шинжээчийн бүх дүгнэлттэй санал нэг байгаа юу?

Г.Билгүүн: Санал нэг байгаа. 

-2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу?

Г.Билгүүн: Мөрдөгдөж байгаа. 

-Хөрөнгө оруулалтын гэрээнд  татварын хувь хэмжээ тогтворжсонтой холбоотой 23.2.1 заалт хэвээр үйлчилж байгаа юу?

Г.Билгүүн: Хэвээр үйлчилж байгаа. 

-Та Дубайн төлөвлөгөөг мэдэж байгаа юу?

Г.Билгүүн: Мэдэж байгаа.

-Эрх зүйн ямар баримт бичиг гэж үзэж байгаа вэ?

Г.Билгүүн: Наадах чинь одоогоор маргаантай байгаа асуудал. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг гэж үзэх хэсэг бий. 

-Хувийн хэвшлийн хооронд байгуулсан төлөвлөгөө юу?

Г.Билгүүн: Үгүй. 

-Тэгэхээр таныхаар Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй байгаа юм байна, би зөв ойлгож уу?

Г.Билгүүн: Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт биш гэж үзэх гэхээр Дубайн төлөвлөгөөн дээр Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан зарим зүйлийг өөрчилсөн байдаг. Тэр утгаараа гэрээний нэг хэсэг юм шиг болчихоод байгаа юм. Гэрээний нэг хэсэг гэж үзэх гэхээр 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ соёрхон баталсан. Гэрээ, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан субьект нь өөр.

-Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээд нэмэлт өөрчлөлт оруулсан бичиг баримт биш гэсэн үг үү?

Г.Билгүүн: Энэ асуултад яг одоо хариулахад хэцүү байна. 

-Хөрөнгө оруулалтын гэрээний 22 дугаар зүйлд  тухайн үед үйлчилж байсан Монгол улсын нэгдэн орсон олон улсын давхар татварын гэрээ Оюу толгой үйлчилнэ гэж байгаа. Тухайн үед үйлчилж байсан, Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээнд Нидерланд гэдэг улсаас Монгол улсад олгогдсон зээлийн хүүн дээр суутганы татварыг 10 хувь гээд заачихсан. Сүүлд нь тухайн гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Би хуульч хүнийхээ хувьд Оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулсан заалтын хүрээнд суутганы татвар 10 хувь хэлбэрээр өнөөдөр үйлчлэх ёстой гэж ойлгож байгаа. Та үүн дээр хуульчийнхаа байр суурийг хэлээч?

Г.Билгүүн: Татварын асуудлыг би хариулж мэдэхгүй байна. Сангийн яамны мэдэх асуудал.

-С.Баярцогтын өмгөөлөгч Цэцэгмаа байна. Танаас хохирогч, иргэний нэхэмжлэгчийн чинь хувиар хэдэн зүйл асууя. Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбогдуулан шалгагдаж байх үед та хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Одоо бол С.Баярцогт гурван зүйл ангитай, хөрөнгө оруулалтын гэрээний оролцоогүй хэрэг дээр яваа. Миний үйлчлүүлэгчийг  оффшор бүсэд байршуулсан мөнгөөр хувьцаа худалдаж аваад Монгол улсад хүнд хор уршиг учруулсан гэж буруутгаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд танаас энэ талаар мэдүүлэг авсан уу?

 Г.Билгүүн: Аваагүй. 

-Мөн миний үйлчлүүлэгчийг эхнэр Нарантуяагийнх нь 50 хувийг нь эзэмшдэг компани Оюутолгойд катеринг үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 63 тэрбум төгрөгийн орлого олж Монголд хүнд хор уршиг учруулсан гэж үзээд байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор танаас мэдүүлэг авсан уу?

Г.Билгүүн: Аваагүй. 

-Бидний зүгээс энэ хоёр асуудал дээр хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгууллага хүн байхгүй гэсэн асуудал тавихаар  өөдөөс “Яг одоо энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод байгаа хоёр төрийн нарийн бичгийн дарга (Г.Билгүүн, С.Наранцогт) Засгийн газрыг, Монгол улсыг төлөөлнө” гэсэн хариу өгсөн. Шүүх, прокурор хоёулаа тэгж үзэж байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа сая дурдсан хоёр үйлдлээс Монгол Улсад учирсан хүнд хор уршиг нь юу юм бэ. Үүнтэй холбоотойгоор та Монгол улсыг төлөөлөөд ямар нэхэмжлэл гаргах вэ. Нэхэмжлэх зүйл байна уу?

Г.Билгүүн: Гэм буруугүйг шүүх тогтоогоогүй байна. Энэ хурлаас ямар шийд гарахыг би хэлж мэдэхгүй байна л даа.

-Гэм буруугүйн шүүхээр хохирлыг шийднэ шүү дээ?

Г.Билгүүн: Одоо шинжээчдийн дүгнэлтээ хэлэлцээд шийднэ байх. 

-Энэ хэрэг дээр шинжээчийн дүгнэлт байхгүй. Хувьцаа худалдаж авсан болон орлого олсон гэдгийн яг юуг нь хор хохирол гэж учирсан гэж үзээд байна вэ гэсэн асуултыг би танд тавиад байна л даа…?

Г.Билгүүн: Өөрт байгаа мэдээллээ ашиглаад үйлдэл хийсэн, тэрнээсээ ашиг олсон гэж байгаа. Төрийн албан хаагчдад иргэдийн итгэх итгэл алдарсан. Энэ хор уршиг мөн.

-Та яллах дүгнэлтээс халиад байна л даа. Мөнгөн хэлбэрийн нэхэмжлэлийн талаар асуугаад байна…?

Г.Билгүүн: Тэр тал дээр хэлэх зүйл алга. 

-Дараагийн буруутгаж буй хоёр үйлдэл нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх тайлбартай байгаа. Мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаа. Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч байхгүй. Эдгээртэй холбоотой гаргасан нэхэмжлэл байна уу?

Г.Билгүүн; Болдог бол энэ асуудал дээр Оюу толгой компанийг хохирогчоор оролцуулсан нь зүйтэй гэж үзэж байна.

-Сая хэлсэн хоёр асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд танаас мэдүүлэг авсан уу?

Г.Билгүүн: Аваагүй. 

-Өмгөөлөгч Цэрэнжав байна. Хэнээс яг хэдийг нэхээд байгаа юм бэ. Хууль зүйн үндэслэл нь юу юм бол. Бодит үндэслэлтэй тайлбараад өгөөч?

Г.Билгүүн: Хохирлын хэмжээг тус бүр дээр нь тооцож байгаад таны асуултад дараа нь хариулья. Тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна.

-Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа юу?

Г.Билгүүн: Үндэслэлтэй гэж үзэж байгаа. 

 -Оюутолгойтой холбоотой татварын маргаан олон улсын арбитрын шүүх дээр шалгагдаж байгаа юу?

Г.Билгүүн: Шалгагдаж байгаа гэж ойлгосон. 

-Шалгагдаж байгаа бол хэдээс хэдэн оны маргаан гэдгийг мэдэх үү?

Г.Билгүүн: Тодорхой мэдэхгүй байна. 

-Та Монгол улсын төлөөлөөд хохирчихлоо гээд энэ танхимд бидний асуултад хариулаад зогсч байгаа. Энэ хохирлыг хэн төлөх ёстой гэж үзэж байна вэ?

Г.Билгүүн: Гэм буруутай нь тогтоогдвол хохирол учруулсан этгээд нь төлөх ёстой гэж үзэж байна. 

-Гэмт хэргийн хувьд хохирол нь биет хэмжээтэй байх ёстой. Гэтэл та хохирлын тоог ч тодорхой хэлж чадахгүй, хохирол байхгүй ч юм шиг байгаа ч юм шиг яриад зогсч байна. Ингэж болох уу?

Г.Билгүүн: Би хохирол байхгүй гэж хэлээгүй. 

-Хохирол байгаа бол хэнээс тэр мөнгийг авах вэ?

Г.Билгүүн: Одоо энд шүүгдэж байгаа хүмүүсээс. 

-Хохирлын тухайд Оюу толгой компани татвар төлөөгүй, дутуу, илүү төлсөн гэх асуудал байгаа. Оюу толгой компани төлөх ёстой юм биш үү?

Г.Билгүүн: Татвар төлөөгүй, татварын орлого нь буурсан бол ерөнхий утгаараа Монгол улсын нийт ард иргэд л хохирч байгаа гэсэн үг. 

-Та сая Монгол улс хохирлоо гэж байна. Монгол улс Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшдэг. Нэг ёсондоо та нэг компанийн нэг хувьцаа эзэмшигч нь болоод, тэр хувьцаа эзэмшигчийг нь төлөөлөөд зогсч байгаа. Нэг хувьцаа эзэмшигчид нь ашигтай байхад нөгөө хувьцаа эзэмшигчид нь ашиггүй байж болох уу?

Г.Билгүүн: Илүү ашигтай байж болох байсан. 

-Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа байна. Таныг Засгийн газрыг төлөөлж байна гэж ойлголоо. Засгийн газар Оюу толгойн хувьцаа эзэмшигч. Хэрвээ та энэ хүмүүсийг буруутай гэж үзэж байгаа бол Засгийн газрын эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр хохирлын гуравны нэгийг бууруулж тооцох ёстой юм биш үү. Ингээд харахаар өөрөө өөрийгөө хохироосон гэх асуудал үүсэх юм шиг санагдаад байх юм…?

Г.Билгүүн: Аль нь Монгол улсад хэрэгтэй ашигтай байна тэр тал руу нь л шийдэх ёстой.

-Хохирол төллөө гэхэд ядаж гуравны нэгээр хохирлоо бууруулах, барагдуулах талаар ярьж болохгүй юу гэж асуугаад байна л даа?

Г.Билгүүн: Болохгүй ээ. 

-Хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа Засгийн газар нэг бол хохирогч ч юм шиг, нөгөө талаар давуу тал олж авах гээд байгаа ч юм шиг салаа утгатай ойлголт төрөөд байна л даа. За хоёрдугаар асуултдаа орьё доо. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг та эрх зүйн баримт бичгийн хувьд юу гэж үздэг вэ?

Г.Билгүүн: Монгол Улсын олон улсын гэрээ. 

-Монгол улсын олон улсын гэрээ бусад хуулиудаас илүү хүчин чадалтай гэдэгтэй та санал нийлэх үү?

Г.Билгүүн: Нийлнэ. 

-Монгол улсын олон улсын гэрээн дээр татварыг тогтворжуулчихсан. Энэ гэрээний дараа батлагдсан хуулиуд  буюу хууль зүйн хүчин чадлын хувьд энэ гэрээнээс доогуур үйлчлэх хууль тогтоомжоор татвар авна гээд байгаа та яаж зөвтгөх вэ?

Г.Билгүүн: Миний хувьд хариулах боломжгүй асуулт байна. Сангийн яамны төлөөллөөс асуух нь зөв байх.

-Таны хариулах чигийн асуулт мөнөөсөө мөн. С.Наранцогт энэ асуултал хариу өгч чадахгүй. Яг энэ асуудал маргааны гол үндэс болоод байгаа. Олон улсын гэрээнийхээ дагуу явна гээд  Оюу толгой биднийг арбитрт өгчихсөн, гэтэл бид эндээ дотоодын хууль тогтоомжоороо явна гээд биенээ шүүгээд сууж байна. 2009 онд байгуулсан Монгол улсын олон улсын гэрээгээр тухайн үед үйлчилж буй татварын хуулийн хүрээнд татварын хэмжээг тогтворжуулсан. Гэтэл энэ гэрээний дараа өөрчлөгдсөн татварын хуулиар татвар авна гэж акт тавиад, тэрийг нь аваагүй гэж хүмүүсийг  буруутгаад яваад байна шүү дээ. 

Г.Билгүүн: Энэ асуултаа та акт тавьсан татварын байцаагчаас нь асуу. 

-Таныг хариулсан гэж ойлголоо. Дубайн төлөвлөгөөтэй хамаатуулаад хохирсон хохирол гээд маш том тоо тавьсан байгаа. Энэ хүмүүсийн бүх хөрөнгийг хураагаад, үлдсэн насаар нь хорьж ажиллуулаад ч төлж хүчрэгдэхгүй их мөнгөний тоо тавьчихсан. Тэгэхээр давуу байдал олж аваад байгаа нь нийт хувьцааны гуравны нэгийг эзэмшдэг Монголын Засгийн газар, гуравны хоёрыг нь эзэшдэг гадаадын хөрөнгө оруулалтын оролцоо бүхий Оюу толгой болж таараад байгаа юм. Та иргэний нэхэмжлэгчийн хувиар иргэний хариуцагч нь Оюу толгой байх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Г.Билгүүн: Оюу толгой хариуцагч байх ёстой. 

-Яллах дүгнэлтийг харахаар гол буруутай нь энэ дөрөв гэхээс илүүтэйгээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зориулж бичсэн харагдаад байгаа л даа. Ч.Сайханбилэгт зориулж бичсэн яллах дүгнэлт гэж харагдаад байна. Засгийн газрын захирамж гарсан ажлын хэсэг байгуулсан гэчихээд зөрчөөд байгаа хуулиуд нь Засгийн газрын хуулиуд байгаа. Энэ хүмүүст ямар ч хамаагүй. Тэгэхээр та хохирлынхоо хэдэн хувийг Ч.Сайханбилэгээс нэхэмжилье гэсэн бодолтой байгаа вэ.Хохирлыг давхардуулж авч болохгүй байх, тийм үү?

Г.Билгүүн: Яг одоогоор хариулж хэлэх боломжгүй асуулт байна.

-Шүүмжлэлд өртдөг Дубайн төлөвлөгөө батлагдсанаас хойш 5 жил нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Дөрвөн Засгийн газрын нүүр үзчихлээ. Та Монгол улсын Засгийн газрыг төлөөлж яваа. Үнэхээр хууль тогтоомж зөрчөөд, хохирол учруулаад байгаа бол заавал энэ хүмүүсийг буруутгахгүйгээр энэ төлөвлөгөөг хүчингүй болгочих боломж та бүхэнд бий. Яагаад ийм ажлыг хийхгүй өнөөг хүрсэн юм бэ?

Г.Билгүүн: Миний мэдэж байгаагаар ямар нэг шийдвэр гараагүй. Гэхдээ үе үеийн Засгийн газар ажлын хэсэг гаргаад ажилладаг.

-Та хоёр Засгийн газрын хоёр яамыг төлөөлж байгаа. Бас энэ хэргийн хохирогчид. Хохирлынхоо хэдийг нь хэн нь авах талаар тохиролцсон зүйл бий юу?

Г.Билгүүн: Тохиролцсон юм байхгүй.

Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН