Нэгж авахаар гэрээсээ гараад алга болсон бүсгүйн цогцсыг 6 сарын дараа жалганаас олжээ

Нэгж авахаар гэрээсээ гараад алга болсон бүсгүйн цогцсыг 6 сарын дараа жалганаас олжээ

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 орчим настай Н хэмээх бүсгүй Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ.

Бүсгүй тус өдрийн 12:00 цагийн үед “Дэлгүүр орчхоод ирье” гэж насан өндөр аав, ээждээ хэлчхээд гарчээ.

Охиноо гэртээ ирэхгүй, холбоо барихгүй удсан тул санаа зовсон эцэг, эх нь ойр орчмоор эрэл сурал болсон ч олдсонгүй. Арга ядан 21-ны өдөр цагдаад мэдэгдсэн аж. Түүнээс хойш олон сар өнгөрч хорт зуршилгүй, ааш зан сайтай даруухан охиноо хүрээд ирнэ хэмээн  эцэг эх нь итгэл тээн, нүдээ чилтэл хүлээсээр байгаа талаар бид хэд хэдэн удаа мэдээлж байсан. Гэвч өнөөдөр алга болсон Н бүсгүй  нас барсан гэсэн харамсалтай мэдээг бид хүлээн авлаа.

БҮСГҮЙН ЦОГЦСЫГ ЖАЛГАНД ХАЯСАН БАЙЖЭЭ

Талийгаачийн цогцсыг өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олжээ.

Талийгаачийн цогцсыг анх унадаг дугуйтай хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн байна.

Цогцос олон хоног хээр удсан шинжтэй, царай төрхөөр нь танихад бэрх болсон байж. Тиймээс талийгаачийн эцэг, эх түүний алга болсон өдрөө өмсөж явсан ногоон малгайтай хүрэм, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал зэргээр нь таньжээ.

ТАЛИЙГААЧ АЛГА БОЛСОН ӨДРӨӨ МУБИС-ИЙН  ОРЧИМ ЯВЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ЦАГДАА НАР ОЛСОН БАЙДАГ

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг эрэн сурвалжилж хяналтын камеруудыг шалгахад хамгийн сүүлд МУБИС-ийн орчим явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан талаар түүний ээж хэлж байсан. Талийгаачийн ээж О тэр үед хэлэхдээ “Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч сураг гараагүй учраас арга ядан лам, бөөд үзүүлтэл хүний гарт, битүү газар байна гэж хэлсэн. Цагдаа нар камер шүүхэд МУБИС-ийн орчим хамгийн сүүлд бичигдсэн байсан гэсэн. Бид утас дуугарах болгонд л охиноо юм болов уу гэсэн горьдлого тээн, яаран сандарсаар авч байна. Охин маань амьд, мэнд эрүүл саруул байгаасай гэж залбирахаас өөр хийж чадах юм алга даа” гэсэн юм. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаа нар талийгаачийг гадны нөлөөтэйгээр нас барсан гэсэн дүгнэлтэд хүрсэн ба мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна.